2015 онд НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт орсноор урамшууллын систем бий болсон. Урамшууллын систем бүхий НӨАТ-ын хууль 2016 оноос хэрэгжиж эхэлсэн. 

Ингэснээр НӨАТ-аас улсын төсөвт 2015 онд 500 орчим тэрбум төгрөг орж байсан бол өнөөдөр 1.1 их наяд төгрөг болж, хоёр дахин нэмэгдсэн нь хуулийн үр дүн юм. Хууль хэрэгжиж эхлэхэд 595 мянган иргэн и-баримтыг ашиглаж байсан бол хэрэглэгчийн тоо өссөөр 2020 оны хагас жилээр и-баримтад бүртгүүлсэн иргэд 1.4 сая болж өссөн. Баримт хэвлэх цэгийн тоо ч өссөн. 2019 онд 107.3 мянган ААН и-баримт хэвлэж байсан бол 2020 оны эхний хагас жилд 21,000 хэрэглэгчээр баримт хэвлэгчийн тоо нэмэгдсэн. 

Ийнхүү зөвхөн буцаан олголтыг олгож байсан бол хэрэглэгчдэдээ төрийн үйлчилгээ авах хялбар шийдлийг санал болгоод буй. 

Одоогийн байдлаар төрийн 9 байгууллагын 134 үйлчилгээг И-баримт апп ашиглан авах боломжтой болоод байна. Үүний 105 нь улсын бүртгэлтэй холбоотой үйлчилгээ юм. Өмнө нь хагас өдрийн ажил болдог байсан төрийн үйлчилгээг өнөөдөр банкинд дугаарлахгүй, замын түгжээнд цаг алдахгүй, хүнд сурталгүйгээр хэдхэн минутын дотор гар утсаараа хэд товших төдийд авч байгаа нь дижитал шилжилтийн нэг хувьсгал юм.

Гэсэн хэдий ч зарим иргэд хэрэглээг нь хараахан хэвшүүлээгүй байна. Хэрвээ та энэхүү үйлчилгээг авахыг хүсвэл И-баримт апп-ийнхаа ҮЙЛЧИЛГЭЭ гэсэн цэс дээр дарж танилцаарай.

И-баримт апп-аар авч болох үйлчилгээнүүдтэй танилц:

✔Татварын ерөнхий газрын 5 үйлчилгээ

✔Улсын бүртгэлийн ерөнхий газрын 105 үйлчилгээ

✔Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 4 үйлчилгээ

✔Цагдаагийн ерөнхий газрын 4 үйлчилгээ 

✔Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн 1 үйлчилгээ

✔Мэргэжлийн хяналтын газрын 1 үйлчилгээ

✔Нийслэлээс үзүүлэх 2 үйлчилгээ 

✔Үндсэн дата төвийн 8 үйлчилгээ

✔Улсын хүүхэлдтэйн театрын тасалбарын үйлчилгээ гм.

Өмнө нь эдгээр үйлчилгээг авахын тулд заавал өөрийн биеэр очиж, төлбөрийг нь төлөхийн тулд банкны урт дараалалд зогсдог байсан. Тэгвэл та энэхүү цэсээр орж үйлчилгээгээ авч, цагаа хэмнэх боломжтой юм.

Мөн авсан лавлагаагаа тодорхой хугацаанд ашиглахын тулд үндэсний цахим шуудангаараа бүртгүүлж хүлээн авах боломжийг ч бүрдүүлээд байна.


И-баримт апп-аар үйлчилгээ авахын давуу тал:

*Орон зай, цаг хугацаа хамааралгүйгээр төрийн үйлчилгээний төлбөр тооцоог цахимаар төлөх боломжтой

*Төлбөрт төлөхөд банкинд очерлох шаардлагагүй болж хугацаа хэмнэнэ

*Тухайн үйлчилгээнд хамаарах сугалааны дугаар бүхий баримт олгогдоно