8 хувийн хүүтэй зээлд хэрхэн хамрагдах талаар Монголын ипотекийн корпораци зөвлөж түгээмэл асуултанд хариулж байна.

1. Урьдчилгаа төлбөр төлсөн баримтыг ямар тохиолдолд хүчин төгөлдөр гэж үзэх вэ?

-Зээлдэгч нь худалдагч талын дансанд төлбөрөө бүрэн шилжүүлсэн тохиолдолд хүчин төгөлдөр гэж үзнэ.

2. Урьдчилгаа 30 хувьд зээлдэгчийн болон түүний хамт амьдардаг, ойр дотны хүний өмчлөлийн байрыг барьцаанд тавьсан. Гэвч урьдчилгаа төлбөрт тавьсан байрны мөнгийг төлж дууссан ч байрны ордер 20 жил банкинд хадгалагдах ёстой гэж байна. Яагаад?

-Урьдчилгаа төлбөрт байр дүйцүүлэн барьцаалж 8 хувийн зээлд хамрагдах гэж байгаа тохиолдолд тухайн байр нь зээлийн гэрээнд зээлдэгчээр гарын үсэг зурж үүрэг хүлээх хүний өмчлөлийн байр байх ёстой. Хэрэв зээлдэгч урьдчилгаа төлбөрт дүйцүүлэн барьцаалсан байраа чөлөөлөхөөр нийт олгосон зээлийн 30 хувьтай тэнцэх хэмжээний төлбөрийг төлж барагдуулсан бол дүйцүүлж барьцаалсан хөрөнгөө суллах эрхтэй.

3. Орон сууцны зээлийг автомашины зогсоолын хамтаар судлуулах боломжтой юу?

-Холбогдох журамд заасны дагуу Монгол Улсад байршилтай, орон сууц байх учиртай тул автомашины зогсоолыг барьцаалах боломжгүй. Хэрэв гэрчилгээ нь автомашины зогсоолын хамт гарсан бол гэрчилгээгээ салгуулах шаардлагатай.

4. Хашаа байшин ч ялгаагүй үл хөдлөх хөрөнгө байтал яагаад урьдчилгаа төлбөрт хашаа байшинг барьцаалуулж болохгүй байна бэ?

-Орон сууцны ипотекийн зээлийн барьцаа болж буй үл хөдлөх хөрөнгө нь Монголбанкнаас баталсан “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын 17.1-д заасан ерөнхий шаардлагыг хангасан байх бөгөөд үнэлгээ сайтай, дэд бүтцэд бүрэн холбогдсон, орон сууцны ипотекийн зээлийн барьцаа болох боломжтой, цаашид зээлийн эрсдэл дагуулахааргүй байх нөхцөл хангасан байх шаардлагатай. Хөтөлбөрийн хүрээнд олгогдох зээлийн барьцаа хөрөнгө нь Нийтийн зориулалттай орон сууц эсхүл аймаг, сумын батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, орон сууцны хотхон, хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу аймаг, сумдад баригдаж, эрх бүхий байгууллагын шийдвэрээр байнгын ашиглалтанд орсон, дэд бүтэц (цахилгаан, дулаан, ус, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний төвлөрсөн түгээх байгууламжид холбогдсон)-ийн шийдэл бүхий хөдөө орон нутагт баригдсан амины орон сууц байх боломжтой.

5. Өмчийн бүртгэл яагаад маш зөв байх ёстой вэ?

-Ипотекийн зээлээр худалдан авч буй орон сууц нь уг зээлийн барьцаа хөрөнгө болдог. Иймд иргэний тухай хууль, банкны тухай хууль, барьцааны тухай хууль, улсын бүртгэлийн хуулийн этгээдийн тухай хуулиудын дагуу заавал өмчийн бүртгэл хийж байж барьцааны эрх үүсдэг. Банк болон зээлдэгчийн эрх ашгийг хамгаалах анхны нөхцөл нь барьцаа хөрөнгийн өмчийн бүртгэл, түүний барьцааны гэрээ төдийгүй  барьцаалбар нь зөв зохистой хийгдсэн байх шаардлагатай. Өмчийн бүртгэл, барьцааны гэрээ, барьцаалбар нь алдаагүй зөв хийгдсэн тохиолдолд уг хөрөнгийг үнэт цаасжуулах боломж бүрдэнэ.

6. Эцэг эхийнхээ байрыг урьдчилгаа төлбөрийн барьцаанд тавиад байрны зээлд хамрагдахад ямар  материал бүрдүүлэх вэ? Хөдөө орон нутагт байгаа байр  тавьж болох уу?

Хэрэв зээлдэгч нь эцэг эхийнхээ өмчлөлд байгаа байрыг урьдчилгаа төлбөрт барьцаалж 8%-ийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдах гэж байгаа тохиолдолд өмчлөгчдийн аль нэг нь зээлд хамтран үүрэг гүйцэтгэгчээр орох зайлшгүй шаардлага тулгардаг. Учир нь Монголбанкны “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ын 5.3-т “Зээл хүсэгч өөрийн өмчлөлд байгаа хуучин орон сууцыг барьцаа болгон орон сууцны ипотекийн зээл авч, дэд хөтөлбөрийн хүрээнд олгох орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг төлж болно.” гэж заасан. Харин зээлдэгч өөрийн өмчлөлийн орон сууцыг байршил хамаарахгүйгээр дэд хөтөлбөрийн хүрээнд олгогдох 8%-ийн хүүтэй орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрт барьцаалах боломжтой.

2013 оны 6-р сараас эхэлсэн энэхүү хөтөлбөрт дараах 11 банкууд оролцох болсон.

  1. Хаан банк (Цахим хаяг: www.khanbank.com)
  2. Худалдаа Хөгжлийн банк (Цахим хаяг: www.tdbm.mn)
  3. Голомт банк (Цахим хаяг: www.golomtbank.com)
  4. Хас банк (Цахим хаяг: http: www.xacbank.mn )
  5. Төрийн банк (Цахим хаяг: www.statebank.mn)
  6. Улаанбаатар хотын банк (Цахим хаяг: www.ubcbank.mn)
  7. Капитал банк (Цахим хаяг: www.capitalbank.mn/)
  8. Капитрон банк (Цахим хаяг: www.capitronbank.mn)
  9. Чингисхаан банк (Цахим хаяг: www.ckbank.mn)
  10. Үндэсний хөрөнгө оруулалтын банк (Цахим хаяг: www.nibank.mn)
  11. Ариг банк (Цахим хаяг: www.arigbank.mn)

 2. 8%-ийн зээлд хэн хамрагдах боломжтой вэ? 

-Монголбанкнаас баталсан “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын 8.1 дэх заалт,   “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ын 2.5-д заасан шалгуур хангасан иргэн уг хөтөлбөрт хамрагдах боломжтой.                                                    

3. 8 хувийн зээлд халамжийн мөнгө авдаг болон жирэмсний амралт авсан хүн хамрагдах боломжтой юу, хэрхэн яаж хамрагдах вэ?

-Зээлийн өргөдөл гаргахаас өмнөх хугацаанд тухайн иргэн тасралтгүй 12 сарын турш халамжийн мөнгө, жирэмсэний амралтын тэтгэмж авч байсан болохыг Нийгмийн даатгалын газраас тэмдэглэгээ хийлгэж, батлуулсан байх шаардлагатай. Сард төлөх нийт зээлийн төлбөр нь өрхийн орлогын 45%-д багтаж байх учиртай.

4. Тэтгэвэрт гарахад 7-8 жил үлдсэн хүн ипотекийн зээлд хамрагдах гээд материалаа бүрдүүлж өгөхөөр банкууд зээлд хамруулахгүй байна. Энэ талаар журам дээр ямар зохицуулалт байдаг юм бэ?

-Монголбанкнаас баталсан “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам” болон “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-д тэтгэврийн насанд хүрсэн, эсхүл тэтгэврийн нас дөхсөн иргэнд ипотекийн зээл олгохыг хориглосон заалт байхгүй.

5. Гэр бүлийн хоёрын нэг нь гадаадын харъяат. Монгол Улсад амьдраад 15 жил болж байна. Гэрлэлтийн баталгаатай Нийгмийн даатгалын шимтгэл байнга төлдөг. Энэ тохиолдолд орон сууцны зээлд хамрагдаж болох уу?

-Монголбанкны “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ын 3.2.1-т зааснаар 8 %-ийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлд хамрагдах иргэн нь зөвхөн “Монгол Улсын иргэн байх” тухай заасан байдаг тул уг хөтөлбөрийн орон сууцны зээлд хамрагдах боломжгүй байна.

6. НДШ тасралтгүй төлдөг, цалингаа банкаар биш бэлнээр авдаг. Энэ тохиолдолд ипотекийн зээлд хамрагдаж болох уу?

-Монголбанкны “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын 13.2-т заасан баримт бичгүүдийг бүрдүүлж, орлогоо банкинд нотолсон тохиолдолд ипотекийн зээлд хамрагдах бүрэн боломжтой.

7. Малчид ипотекийн зээлд хамрагдах боломжтой юу?

-Монголбанкны “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ын 1.2.11-д заасан малчин өрх 8%-ийн хүүтэй орон ипотекийн сууцны зээлд хамрагдах боломжтой.

8. Зээлдэгч эд хөрөнгө болон амь насны даатгалаа жил бүр төлөх шаардлагатай юу?

-Монголбанкны “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”, Монголбанкны “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”, Санхүүгийн зохицуулах хорооны “Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам”-ын дагуу зээлдэгч нь зээлийн үүргийн гүйцэтгэл дуусах хүртэлх хугацаанд хөрөнгийн болон зээлийн (амь нас/гэнэтийн ослын) даатгалд хамрагдах шаардлагатай.

-9. Сүүлийн 2 жил НДШ тасралтгүй төлсөн. Гэхдээ ажлын байраа сольсон бол зээлд хамрагдах боломжтой юу?

Сүүлийн 1 жилийн хугацаанд ажил олгогчоо нэг удаа сольсон байж болно. НДШ тасалдаагүй байх учиртай.

10. Зээлийн эргэн төлөлтийн  хуваарь өөрчлөх хүсэлтээ хаана гаргах вэ? Хэр хурдан шийдэгддэг вэ?

-Зээл авсан банкиндаа хүсэлтээ гаргана. “МИК ОССК” ХХК-д худалдагдсан зээлийн хувьд банк таны хүсэлтийг “МИК ОССК” ХХК-д албан байдлаар ирүүлж шийдвэрлүүлнэ.