Тамирчдад эрүүл мэндийн оношлогоо, төрөл бүрийн шинжилгээний лаборатори үгүйлэгддэг. Тэгвэл Монголын үндэсний их сургуулийн дэргэд тамирчдад зориулсан эмнэлэг байгуулахаар болжээ. Нийт 200 ортой эмнэлэг баригдах эмнэлгийн ажлын хүрээнд Олон улсын таэквондогийн Монголын холбооны ерөнхийлөгч Ч.Чимэд-Отгон, МҮИС-ийн ТУЗ-ын дарга Л.Мөнхбат нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Тус эмнэлгийн дээвэрт яаралтай түргэн тусламжийн үед ашиглах нисдэг тэрэгний дөрвөн зогсоол барих аж. Түүнчлэн тамирчдын эрүүл мэнд, бие бялдрын хөгжил, өөрчлөлтийг шинжлэх ухааны үндэстэй, нотолгоонд суурилсан эрдэм шинжилгээний ажлыг зохион байгуулах аж.

Энэ талаар МҮИС-ийн ТЭЗ-ийн дарга Л.Мөнхбат "Санамж бичгийн хүрээнд бид тамирчдынхаа эрүүл мэндийг хамгаалах, таеквондогийн спортын хөгжлийг шинэ түвшинд гаргах, цаашлаад Монголын ирээдүй болсон хүүхэд залуусынхаа төлөө анхаарч ажиллана. Шинээр ашиглалтад орох 200 ортой шинэ эмнэлэгт тамирчид эмчлүүлж, эрүүл мэнддээ анхаарснаар сэтгэл зүйн хувьд ч өндөр байж цаашдын амжилтанд нь сайнаар нөлөөлнө гэж үзэж байна" гэжээ.