Шинэ жилийн баяраар хоол хүнсээ хэрхэн тохируулах талаар “Мацаг – Байгалийн эмчилгээ”, "Та өөртөө оточ", "Мацаг мастер" номын зохиогч, Монгол йогийн урсгалыг санаачлагч Т.Алтангэрэлээс тодрууллаа.


-Баяраар хэт их иддэг үүнээс болоод баярын дараа эмнэлэгийн ачаалал эрс нэмэгддэг гэж эмч мэргэжилтнүүд шүүмжилдэг. Бидэнд идэж уухдаа ухамсартай хандах уламжлалт соёл бий юу?

-Уг нь бидний өвөг дээдэс маань байгаль цаг агаарын өөрчлөлтийг ажиглаж, улирал цаг агаартайгаа зохицох хоол хүнсээ идэж ирсэн ард түмэн. Монгол хоол хүнс маань илчтэй, шимтэй. Үүний цаана асар их ухаан байжээ. Өөрөөр хэлбэл хийн шинжийг агуулах хуурай, сэрүүн, салхитай цаг агаартай ард түмний хоол хүнс нь илчтэй шимтэй. Энэ нь нэгдүгээрт хийдэхгүй байх, хоёрдугаарт хоол боловсруулах тогтолцооны галыг сэргээж өгдөг учраас бидний идэж ууж буй бүхэн биед ээлтэй шимтэй шингэцтэй байжээ. 

Идэж буй хоол хүнс биед шингэцгүй хүнд байна уу, шингэж шимтэй байна уу гэдгийг ухамсартайгаар ажиглаж мэддэг байсан ард түмэн. Одоо бол цаг өөр болжээ. Дээр үед одоогийнх шиг хоол хүнсний нэр төрөл бага, амттан бага хэрэглэдэг байсан учир хоол хүнсний хэрэглээтэй холбоотой таргалалт бага байсан болов уу гэж боддог. 

Ер нь баярыг зөвхөн идэж уух өдөр болговол эрүүл мэндэдээ асуудал үүсгэнэ шүү дээ. Уг нь гэр бүл хамтдаа байх, гэр бүлийн ахмад гишүүдээ хүндэтгэх, үр хүүхдүүдээ баярлуулах нь аливаа баярын гол үндэс нь. Ингэснээр гэр бүлийн халуун дулаан уур амьсгалаа бэхжүүлдэг. Тийм учраас баярыг гэр бүлдээ халуун дулаан уур амьсгал үүсгэж, дотно сайхан яриа өрнүүлж амттай, шимтэй хоол хүнсээр үргэлжлүүлбэл зүгээр санагдаж байна. 


-Баяраар 2-5 кг таргалдаг гэсэн Оросын судалгааг уншиж байсан. Энэ бидэнд хэр хамаатай бол?

-Манайхан аливаа судалгааг их сонсож, түүнд итгэдэг. Жишээ нь баяраар 2-5 кг таргалдаг гэдэгт итгэе л дээ. Ингэснээр бие махбодь түүнийг хүлээж авч, яг л энэ хэмжээгээр таргалахад бэлэн байдаг. Хүний бие өндөр ухамсартай гэдгийг бид ойлгох хэрэгтэй.

Бие бидэнд гэдэс дүүрэх мэдрэмжийг байнга өгдөг, харин бид түүнийг сонсдоггүй. Ямар нэг зүйл идэж байх үедээ өөрийн бие дээрээ анхаарлаа хандуулж чадвал бие болчихлоо, дүүрчихлээ гэдгийг сануулсан мэдрэмжийг өгч байдаг. Тэр үед ухамсартайгаар зогсож чадвал та өөрийн эрүүл мэндэдээ үнэлж баршгүй хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг юм. 


-Хүн цадталаа идэх ёстой юу эсвэл ходоодондоо зай үлдээх нь зөв үү?

-Хүний ходоодны хэмжээг атгасан гарын хэмжээтэй гэдэг дээ. Уламжлалт ухаанд ходоодны гуравныг нэг нь хоол, гуравны нэг нь шингэн зүйл, гуравны нэг нь хоосон байж бие махбодь хоолыг шингээдэг гэж үздэг. Ингэснээр хоол хүнсний үлдэгдэл биед хуримтлагдахгүй,  аливаа өвчлөл үүсэхгүй гэсэн үг. Үүнийг угаалгын машинаар зүйрлэе л дээ.  Та угаалгын машиныхаа талд нь хувцас хийж байж үлдсэн зайнд ус орж хувцас чөлөөтэй цэвэрлэгдэнэ. Хэрвээ угаалгын машинаар дүүрэн хувцас хийгээд, бүүр хаалгыг нь хааж чадахгүй болтлоо хувцас чихвэл юу болох бол төсөөлөөд үз дээ. Үүнтэй утга нэг, хэт их хоол хүнсний үлдэгдэл биед шингэж шим тэжээл болохоосоо илүү аливаа өвчлөл болон таргалалтыг үүсгэж эхэлнэ. 

Бид хүн хүссэн юмаа идэх ёстой гэж боддог, бие хүсэж байна гэдэг өөрт хэрэгтэй амин дэм, шим тэжээлээ нэхэж байна л гэсэн үг. Гагцхүү түүнийг таарсан хэм хэмжээтэй хэрэглэх нь эзэн биеийн ухаан юм даа.  


-Шинэ жилээр бид хиам, нийслэл салат гээд нөгөө л уламжлалт хүнсээ цуглуулдаг.  Гэтэл эсрэгээрээ эмч нараас ихэнх нь хэт тослог ихтэй тул хэрэглээгээ багасгахын зөвлөдөг. Та энэ тал дээр зөвлөгөө өгөхгүй юу?

-Ер нь бол хиам нийслэл салат идээд хордоод байгаадаа гол учир нь байгаа юм биш шүү дээ. Мөн л хэмжээ болон хадгалалтын асуудал яригдана. Харин ч бидний өсөхдөө идэж ирсэн хоол хүнс нь гэдэсний бичил орчинг үүсгэдэг. Миний хувьд баяр болохоор нийслэл салатаа хийхгүй бол нэг л дутуу юм шиг санагддаг. Харин түүнийг хэрхэн хийх, юуг юугаар орлуулж хийж болж гэх мэт гэрийн эзэгтэйн ухаан юм. Жишээ нь би салатандаа дан майонез хийдэггүй, тарагтай 50/50 харьцаатай юм уу, зөөхийтэй мөн 50/50 харьцаатай маш бага хэмжээгээр хийдэг. Зарим айлуудыг харж байхад баярын салатаа хийх гэж өдрийн ажил болдог, тэгэж өөртөө ачаалал авч, ихээр хийж мөн биеэ хүндрүүлэх хэрэггүй шүү дээ. Дуртай бүхнээ ид, харин хэмжээгээ тааруул л гэмээр байна. Бас нэг анхаарах зүйл бол хэт болгох, хэтрүүлэн идэх нь хоол хүнснээс амин дэм авах бус хорт бодис үүсгэж байгааг анхаарах ёстой.

Тэгэхээр хувь хүн бүр, айл өрх бүр, эзэгтэй нар маань гэр бүлийн эрүүл мэндийн талаар үнэхээр их хичээдэг гэж боддог. Харин тортны үйлдвэрлэлүүд кремээ хаанаас авдаг, хөөлгөгчөө аль улсын бүтээгдэхүүн хэрэглэдэг, өнгө оруулагч бодис эрүүл мэндийн шаардага хангах уу гэх мэт асуултууд гарч ирэх байх. Өөрөө хичнээн хичээгээд хүний эрүүл мэндэд харшлах зүйлс хэрэглэвэл асуудал шүү дээ. Энэ талаар үндэсний үйлдвэрлэгч бүр ухамсартайгаар сонголтоо хийсэн байхаа гэж найдаж байна. Уламжлалт хооллолтоо хэрхэн өөрчлөх бэ гэхээсээ илүү баярын мөн чанарыг ойлгож хэрхэн утгатай тэмдэглэх бэ гэдэг дээр илүү анхаарлаа хандуулах хэрэгтэй болов уу.

-Баяр бол хэт их идэх өдөр биш гэдгийг та энгийн үгээр тайлбарлана уу

-Бид шинэ оныг билэгшээн баяр хөөр дүүрэн хүлээж авдаг. Гэтэлсүүлийн үед баяр болохоор эмэгтэйчүүд бүсгүйчүүд маань, ээж нар маань баяр боллоо таргалаа, яаж жингээ хасах бэ гэдэг асуудалтай болжээ. Тэгвэл хэн таргалалтыг үүсгээд байгаа юм бэ гэдгийг бодож үзсэн үү, эзэн бие өөрөө шүү дээ. Бидний хэт их хүсэл, хэрэгцээнээс бие сэтгэлд маань аливаа асуудал гарч байдаг.

Ер нь бол идэж ууснаасаа болж биедээ асуудал үүсгэнэ гэдэг бол их ухамсаргүй үйлдэл юм даа. Баяр болно, хүмүүс ирнэ дайлах хэрэг гарна, айлд очно дайлуулах хэрэг гарна. Идэхгүй, уухгүй гээд таргална гээд байвал бүүр ч асуудалд орох байх даа. Тэгэхээр та хүртэж буй бүхнээ эргэлзээгүй, айдасгүй, шингээнэ гэж бодон хүртэхэд бие бас шингээдэг юм шүү. Харин сөрөг бодлоор таргална гэсэн бодлоор идвэл гарах үр дүн ялгаагүй тийм байна.Мэдээж энэ бүхний эцэст нөгөө хэмжээ дахин яригдах болно. Хоол ихэдсэн бол гарч алхаж, эсвэл ямар нэг дасгал хөдөлгөөн хийж шингээж байж дараагийн хоолоо иддэг болоорой. 

Таны биед гарч байгаа аливаа өвчлөл, таргалалт нь хоол хүнсний хэт их хэрэглээтэй холбоотой. Энэ бол биед шингэхгүй үлдсэн хоол хүнсний үлдэгдэл болон түүнээс үүсэх хорт бодистой холбоотой үүсдэг. Иймийн учир хүслээ дарж, хэрэглээгээ багасгаарай гэж зөвлөж байна.