Одоогоос яг 60 жилийн өмнө 1960 онд Өмнөд Солонгосын нэг хүн ноогдох ДНБ нь 150 ам доллар хүрэхгүй үгүйтэй байв.

30 жилийн дотор 1990 он гэхэд 6,500-д хүргэж чадсан нь өнөөдрийн Монгол улсын нэг хүнд ноогдох ДНБ (дэлхийн банкны эх сурвалж: 4,200 ам доллар)-ээс давсан үзүүлэлт юм. Харин өнөөдөр дэлхийд эдийн засгийн хүчин чадлаараа 12 дугаарт эрэмбэлэгдэж, нэг хүнд ногдох ДНБ нь 31,000 ам долларт хүрч, хөгжлийн загвар орон болж чаджээ.

1960–1996 оны хооронд Солонгос улс эдийн засгийн хувьд үнэхээр үсрэнгүй хөгжлийг Хан мөрний гайхамшиг гэж нэрлэдэг.

1961 онд Генерал Пак засгийн эрхийг авахад дөнгөж хоёр Солонгосын дайн дуусаад байсан үе юм. Солонгос орон ядуурал, нийгмийн эмх замбараагүйтэл, авилгалд идэгдсэн, дэлхийн ядуу буурай орнуудын нэг байлаа.

Кимчинээс өөр ямар ч үйлдвэрлэлгүй Солонгос орныг генерал Пак дэлхийн гүрэн болгон хөгжүүлэх асар том зорилго тавин ажилдаа оржээ. Генерал Пак хамгийн түрүүнд гадны зээл тусламж авахаар хөөцөлдөж эхлэв. Гэтэл Солонгост найдаж, зээл өгөх орон олдсонгүй. Харин азаар Герман улс Солонгос улсад 100 сая ам доллар зээлэх гэрээнд гарын үсэг зурав. Хариуд нь Солонгос залуучуудыг Германд нүүрсний уурхай гэх мэт үйлдвэрүүдэд ажиллуулахаар хоёр тал харилцан тохиролцож байжээ.

Генерал Пак Солонгосын хөдөөгийн хоцрогдсон ядуу суурингуудыг өөрчлөх зорилт тавин Германаас авсан зээл тусламжаар хамгийн түрүүнд 40 аж үйлдвэрийн комплексыг Солонгос орны бүс нутгуудын ирээдүйн хөгжлийг төлөвлөн байгуулжээ. Юуны өмнө оймс, цамц, өмдний гэх мэт хөнгөн аж үйлдвэрийн паркуудыг бүтээн босгосон. Улмаар эдгээр 40 аж үйлдвэрийн цогцолбор томоохон хотуудын хэмжээнд хөгжиж бүс нутгийн хөгжлийн төвүүд болжээ. Өнөөдөр эдгээр 40 аж үйлдвэрийн комплексуудаа мэдлэгийн аж үйлдвэрийн комплексууд болгон өөрчилж, улам хөгжүүлсээр байна.

Пак генерал Солонгосын ард түмнийг ёс суртахуунтай, сахилга баттай, хөдөлмөрч болгох ажилд нэн тэргүүнд анхаарсан гэдгийг онцлох ёстой.

Тэрээр Солонгосын ард түмний дунд нэгэн сонирхолтой хэлэлцүүлэг явуулжээ. Орон даяар явуулсан уг хэлэлцүүлгийн асуулт нь “Тахиа ухаантай юу, Солонгос хүн ухаантай юу” гэсэн байжээ. Мэдээж Солонгосын ард түмэн нэгэн дуугаар Солонгос хүн ухаантай гэж. Тэгтэл Пак генерал тахиа өглөө 6 цагт сэрдэг, Солонгос хүн тахианаас ухаантай юм бол өглөө 6 цагаас өмнө сэрэх хэрэгтэй гэсэн байна.

Гэвч дан ганц хэлэлцүүлгээр унтаа ард түмний ёс суртахууныг сэргээх амаргүй. 1965 онд Пак генералын удирдлага дор батлагдсан хуулийн дагуу Солонгосын бүх эрчүүд цэргийн алба заавал хаших болсон. Цэрэгт Солонгосын эрчүүд ёс суртахуунд суралцаж, ахан дүүс, эх орон, үнэт зүйл, зориг тэвчээр, хөдөлмөрлөхийн үр шимийг ухаарч, бие сэтгэлдээ шингээн ойлгож, төлөвшсөн иргэн болдог.

Тус хуулиар эмэгтэйчүүд цэргийн алба хаах явдлыг журамлаагүй ч тэдэнд хаалга үргэлж нээлттэй. Ингээд өмнө байсан хөдөө тосгоны, хэнэггүй тариачин ээж аавын хүүхдүүд цэрэгт явж, ёс суртахуунтай, сахилга баттай, тэвчээртэй эх оронч эрчүүд болох эхлэл тавигджээ.

Өнөөдрийн Солонгос орны хөгжлийг тэгэхээр ард түмний ёс суртахуун, хөдөлмөр, хатуужил авчирсан гэж хэлэхэд хилсдэхгүй биз. Харин тэр хөгжлийн эссэнс болсон ёс суртахууныг бойжуулж, бэхжүүлэхэд цэрэгт татлага жинтэй хувь нэмэр оруулсан нь дамжиггүй.

Солонгос улсын эдийн засгийн хөгжил бол тэгэхээр ердөө л ард түмний ёс суртахуун дээр урган гарсан хоёрдогч үзэгдэл мэт. Тиймдээ ч Солонгос улсын эдийн засгийн бодлогын цөм нь Солонгос хүн байсан ба Солонгос үндэстний сайн сайхны төлөө аливаа бодлогоо чиглүүлж, дэмжиж ажилласанд орших аж.

Солонгосчууд Hyundai, Kia, Samsung зэрэг үндэстний томоохон корпорациудыг нийтийн өмчит хэлбэртэйгээр байгуулж,(хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргасан) үндэстний капитализмыг хөгжүүлэх зарчмыг баримталсан явдал нь Японтой адил дотоодын чадварлаг боловсон хүчин дутмаг нөхцөлд үндэстний хэмжээний корпорациудыг бий болгож, түүгээр дамжуулан эдийн засгаа босгоход оршиж байсан.

Солонгос улс өнөөдөр 51 сая орчим хүн амтай, эдийн засгийн хүчин чадлаараа дэлхийд 12-т жагсаж байна. Цэргийн эрдмээр хатуужиж, төлөвшсөн эх оронч Солонгос эрчүүд, бүсгүйчүүд Солонгос улсын жинхэнэ баялаг гэлтэй.

Ямар ч манлайлагчгүй, лидергүй албан байгууллага, улс орон гэж байхгүй ба сайн манлайлагч нь албан хаагчид, ард түмнийхээ ухамсарыг сэргээж, ёс суртахууныг бойжуулах бодлого баримталсанаар гарч болох нэгэн үр дүн нь Хан Мөрний гайхамшиг юм.