Таджикстан улс Хятадаас жимс импортоор оруулж ирэхийг хуулиар хоригложээ. Уг шийдвэрийг гаргах болсон гол шалтгаан нь Хятад улсаас орж ирсэн жимс генетикийн өөрчлөлттэй нь шинжилгээгээр батлагдсан явдал юм.

Таджикстаны Засгийн газрын Хүнсний Аюулгүй Байдлын Хорооны тэргүүн Жамшид Насиров, Хятадаас нэг килограм ч жимс оруулж ирэхгүй байхыг үүрэгдсэн бөгөөд “Хүн байтугай, өт хорхой ч тийм жимсийг тоож иддэггүй” хэмээн тэрбээр "Спутник" сонинд өгсөн ярилцлагадаа дурьджээ.

2018 он хүртэл Таджикстан улс нь Хятадаас жилдээ 250 тонн жимс импортолдог байжээ. Одоогийн байдлаар Турк, ОХУ, Эквадор, Пакистан болон Киргизстан улсуудаас жимсний хэрэгцээгээ хангаж байгаа гэнэ. 

Хүнс Хөдөө Аж Ахуйн Хорооны дарга Фарод Камодзод өнгөрсөн жил “нэг ч грам” чанаргүй бүтээгдэхүүнийг тус улсад борлуулаагүй хэмээн мэдэгдсэн байна.

Камолзодын хэлснээр найдваргүй хүнсний бүтээгдэхүүнийг хилээр оруулж ирэхгүйн тулд 2018 онд нэг сая орчим лабораторийн шинжилгээ хийж дүгнэлтийг явуулсан аж. Тус шинжилгээний хариуд 22 тонн чанаргүй мах, 11 тонн сүүн бүтээгдэхүүн, 57 сая гаруй өндөг, 85 тонн хүнсний ногоо болон жимс жимсгэнэ, 1.8 тонн давс, 1.1 тонн тосыг илрүүлэн, устгалд оруулсан байна.

Импортын бүтээгдэхүүнд санаа тавихын зэрэгцээ Таджикстаны засгийн газар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортын чадавхид анхаарч тухайн зах зээлийн бүтээгдэхүүнийг төрөлжүүлэхээр төлөвлөж буй. Үүнээс гадна Дэд сайд Азим Иброхим олон улсын стандартын дагуу шинэ үйлдвэрлэлийн чанарын тогтолцоог боловсруулж хэрэгжүүлэхийг холбогдох байгуулагад үүрэг болгосон ажээ.

https://fergana.agency/