Алдарт Таж-Махал бунхны өнгө хувирч байгааг зогсоох, энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд гадаад улс орнуудаас тусламж хүсэхийг Энэтхэгийн Дээд шүүх Засгийн газартаа үүрэг болгожээ.

XVII зууны үед цагаан гантиг чулуу болон бусад материалаар барьсан алдарт Таж-Махалын өнгө нь шар болж хувираад байсан бол одоо бор ногоон болж байгаа гэнэ.

Янз бүрийн бохирдол, үйлдвэрүүдийн утаа, бунхны зэргэлдээ орших бохирдсон Ямуна голын усанд суусан шавьжнууд ханан дээр нь очиж суудаг зэрэг нь Таж-Махал бунхны өнгө хувирахад нөлөөлж байна гэж мэргэжилтүүд үзжээ. Тус улсын Засгийн газар энэ бунхны ойролцоох хэдэн мянган үйлдвэрийг өмнө нь хаасан юм. Гэсэн хэдий ч бунхны гантиг гялтганахаа больж, өнгө нь хувирсаар байна.

Таж Махал нь Энэтхэг улсын Агра хотод орших бунхан бөгөөд үүнийг Их Моголын эзэнт гүрний хаан Шах Жахан өөрийн хайрт хатан Мумтаз Махалд зориулан бариулж байжээ. Энэ бунхан нь өдгөө дэлхийн жуулчдыг хамгийн их татдаг газруудын нэг болоод байгаа билээ. Өдөрт 70 мянган хүн энэ бунхныг үзэж сонирхдог байна.