ТАЙБЭЙ. /Reuters/. Тайванийн зүүн хойд нутгийн Илань тойрогт гүүр нурсны улмаас дөрвөн хүн амиа алджээ. Эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хоёр хүн сураггүй хэвээр байна.

Тухайн үед 140 метр урт гүүрний дээгүүр нефть тээвэрлэгч ачааны машин явж байсан бөгөөд гүүрний доор загас агнуурын гурван завь байжээ. Холбогдох албаны төлөөлөгчдийн мэдээлснээр, 12 хүн гэмтсэний дунд ачааны машины жолооч байгаа. Мөн завинуудын багийн зургаан гишүүн гацсан байж магадгүй аж. 

Ослын шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа боловч гүүрийг нурахаас өмнө гүүрний тулгуур багана эвдэрсэн байж магадгүй гэж Тайванийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна. Уг гүүрийг 1998 онд барьж байжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг