"Тайвань яваад ирсэн хүн ХӨСҮТ-д халуурч байгаад нас барсан" гэх мэдээлэл өчигдөр цахимд цацагдсан. Тус мэдээллийг Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ үгүйсгэлээ.

Энэ талаар өчигдрийн 22.00 цагт ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн халдвартай гэж оношлогдсон хүн байхгүй, ХӨСҮТ-д биеийн байдал нь хүндэрсэн хүн алга. Сэжигтэй тохиолдол гэж тусгаарласан хүмүүст тухайн үеийн эмнэлзүйгээр нь эмчилгээ хийж байна, коронавирусийн шинжилгээ авахад онош нь үгүйсгэгдсэн. Энэ талаар бид тухай бүрт нь мэдээлж байгаа. Коронавирус биш улирлын томуу гэдэг нь батлагдаад гарсан 60 гаруй тохиолдол байна. Хүн нас барсан гэдэг нь ташаа мэдээлэл. Энэ үед эх сурвалж нь баттай бус бусдыг цочроосон мэдээлэл автахгүй байх, бусдад түгээхгүй байх нь зүйтэй" хэмээлээ. 

Мөн Эрүүл мэндийн яамнаас "Нийгмийн сүлжээ болон хувийн чатаар ирж байгаа дуут мессеж мэдээлэл нь худал, ташаа мэдээлэл юм. 2020 оны 2 дугаар сарын 12-ний байдлаар Шинэ коронавирусийн/СOVID-19/ халдвар манай улсад бүртгэгдээгүй. 

Зохион байгуулалтайгаар худал ташаа мэдээлэл тарааж, нийгмийг айдаст автуулах, эмх замбараагүй байдал бий болгохыг хүсч буй нийгмийн сүлжээний хэрэглэгчийг хуулийн байгууллагад хандан шалгуулж, хариуцлага тооцно" хэмээн мэдэгдлээ.