2014 онд төрийн эргэлт хийж засгийн эрхийг авсан армийн генерал Ерөнхий сайд Праюут Чан-очаг огцруулах, үндсэн хуулийн шинэчлэл хийхийг шаардсан оюутны бослого эмх замбараагүй байдалд хүргэсэн тул Тайландын Засгийн газар өчигдөр онцгой дэглэм тогтоолоо. Таваас дээш тооны хүмүүс нэг дор цугларахыг хориглосон ч найман мянган жагсагчид хотын өөр хэсэгт үргэлжлүүлэн зургаан цаг гаруй жагссан байна.

Жагсаалыг удирдсан 20 гаруй хүнийг баривчлаад байна. Засгийн газрын байр, хааны гэр бүлийг цагдаагийн хамгаалалтад авсан байна. Тайландын эзэн хааны гэр бүл бол тус улсын ариун дээд шүтээн нь бөгөөд түүнийг шүүмжилсэн хүн 15 хүртэлх жилээр хорих ялаар шийтгүүлдэг байна.

Тайланд хүн төрсөн цагаас эхлэн хаан төрөө дээдлэхийг заалгадаг бөгөөд хааны гэр бүлийн өмнө газар элгээрээ хэвтэж хүндэтгэл үзүүлдэг байна. Гэтэл өнгөрсөн Пүрэв гаригт хааны гэр бүлийг сууж явсан цуваанаас гурван метрийн зайд босогчид босоогоороо байж, гурван хуруугаа гозойлгож эсэргүүцлээ илэрхийлсэн байна.