Тайланд улсад бүх нийтийн парламентын сонгуулийг 2011 оноос хойш анх удаа ирэх оны хоёрдугаар сарын 24-нд явуулах гэж байгаа тухай тус улсын Сонгуулийн ерөнхий хорооны орлогч дарга Нат Лаосисавакун мэдэгджээ. Түүний мэдэгдлийг тус улсын үндэсний телевизийн сувгаар шууд дамжуулсан байна.

Тайландад 2011 онд хамгийн сүүлд ардчилсан сонгууль явуулж байсан бөгөөд тухайн үед тус улсын түүхэнд анхны эмэгтэй Ерөнхий сайдын хувиар нэрээ үлдээсэн Йинглак Чинават тэргүүтэй Засгийн газар төрийн эрхэнд гарсан билээ.

2014 оны тавдугаар сард буюу сөрөг хүчний зохион байгуулсан олныг хамарсан жагсаал цуглаан, гудамжны мөргөлдөөний үеэр Тайландад Чинаватын улс төрийн бүлэглэлийг дэмжигчид болон эсэргүүцэгчид хооронд олон жил үргэлжилсэн улс төрийн мөргөлдөөний эцэст бий болсон үндэсний эвлэрэл уриан дор цэргийн эргэлт хийсэн юм. 2005 оноос эхлэлтэй улс төрийн энэ мөргөлдөөн олныг хамарсан жагсаал цуглаан, цус урсгасан мөргөлдөөн гарахад хүргэсэн билээ.

Цэргийн эргэлтийг удирдан явуулсан хуурай замын цэргийн генерал Прают Чан-Оча Засгийн эрхэнд гарч, Үндсэн хуулийг хүчингүй болгон, оронд нь түр Үндсэн хуулийг хэрэгжүүлж эхэлсэн бол цэргийнхэн дараа нь түр парламент байгуулж, гишүүдийг нь томилжээ. Онцгой захирамж гаргах хүртэл улс оронд улс төрийн аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна.

Цэргийнхэн засгийн эрхэнд дөрвөн жил байх хугацаандаа Тайландын байнгын шинэ Үндсэн хууль болон сонгуулийн хуулийг баталжээ. Хэдийгээр сонгуулийн товыг удаа дараа хойшлуулсан боловч сүүлийн үед тэд чухам хэдний өдөр явуулахыг тодорхой дурдалгүйгээр сонгуулийг 2019 оны хоёрдугаар сард зохион байгуулна гэж нэг бус удаа мэдэгдэж байжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, RIA Novosti