Австрийн тэтгэвэрт гарсан офицер төрийн нууцыг Оросын талд санаатайгаар задруулсан тухай Австрийн эрх баригчдын мэдэгдэлтэй холбогдуулан ОХУ-ын гадаад хэргийн яам Австрийн элчин сайд Йоханнес Айгнерт эсэргүүцлээ илэрхийлжээ. Энэ тухай Оросын гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурдсан байна.

“Австри улс үүссэн сэжгийг тогтоосон харилцаа холбооны шугамаар Оросын талтай хэлэлцэлгүйгээр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дуулиан шуугиант мэдээллүүдийг түгээж, Оросын эрх баригчдаас тайлбар өгөхийг олон нийтийн өмнө шаардахыг илүүд үзжээ. Австрийн гаргаж буй энэ үйлдэл нь ямар ч баримт нотолгоогүй сэжигт үндэслэжээ” гэж уг мэдэгдэлд дурдсан байна.  

Австрийн армийн тэтгэвэрт гарсан хурандаа Оросын талд тагнуул хийсэн хэрэгт сэжиглэгдэн баривчлагдан саатуулагдсан талаар өнгөрсөн баасан гарагт мэдэгджээ. Түүнийг хорин жилийн турш Оросын тусгай албаныханд нууц мэдээлэл дамжуулсан хэрэгт буруутгаж байгаа аж.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

/РИА Новости/