Алтанбулаг боомтоор энэ сарын 18-нд ачаа тээвэрлэж орж ирсэн жолооч нарт өнөөдөр шинжилгээ хийхэд нэгээс нь коронавирус илэрсэн гэж Эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Улсын онцгой комисс хуралдаж, шийдвэр гаргасныг ОБЕГ-ын дарга Т.Бадрал танилцуулав.

Тэрээр "Өнөөдөр Европын холбооны улсаас ОХУ-ыг дамжин Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолоочоос коронавирус илэрлээ. 

Иймд халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хот, Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймгууд руу орох, гарах чиглэлийн хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг 4 дүгээр сарын 21-ний 21.00 цагаас 4 дүгээр сарын 25-ны 06.00 цаг хүртэл түр зогсоохоор шийдвэрлэлээ" хэмээлээ.

Тэдгээр жолооч нарыг буудалд нэг нэгээр нь, харин коронавирус илэрсэн иргэн гэр бүлийн хүний хамт явж байсан учир хоёуланг нь нэг өрөөнд тусгаарласан байсан. Одоо ХӨСҮТ-д шилжүүлсэн гэж ХӨСҮТ-ээс өдөр мэдээлсэн.