УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өчигдөр мэдээлэл хийж, С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан хоригдоод буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхээс уучлал гуйж буйгаа мэдэгдсэн.

Тэрээр "Би амьдралдаа уучлал гуйж үзээгүй, одоо бол энэ улсын ХЗДХ-ийн сайдын хувьд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхээс уучлал гуйж байна. С.Зоригийн амь насанд халдсан явдалтай холбогдуулж Эрүүдэн шүүх ажиллагаа явагдсан. 1937 оны бүх аргыг хэрэглэсэн нь тодорхой болж байгаа. Би Б.Содномдаржаа, Т.Чимгээ  нартай уулзсан. Өчигдөр хоёуланг нь эмнэлэгт хэвтүүлсэн. Шүүх энэ хүмүүсийг суллатал эмнэлэгт байлгаж байгаад гаргана.

1970-аад оноос хойш Монголд гарсан дуулиант хэрэг болгоныг ерөнхийд нь би мэднэ. Гэхдээ ийм аймшигтай зүйл үзээгүй" хэмээн мэдэгдсэн юм.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар мэдээлэл хийж, С.Зоригийн хэргийн асуудлаар яг одоо Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна. Дараа нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр уг асуудлыг ярина" гэдгийг хэллээ.