ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өнгөрсөн пүрэв гарагт мэдээлэл хийж, С.Зоригийг хөнөөсөн хэрэгт буруутган яллаад буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хилс хэрэгт гүтгэж, эрүүдэн шүүсэн байна. Үүнийг харуулсан мөрдөн байцаах ажиллагааны үеийн бичлэгийг сэргээсэн хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, С.Зоригийн хэрэгтэй холбоотой мөрдөн байцаах ажиллагааны бичлэгийн зарим хэсгийг нууцын зэрэглэлээс гаргажээ. Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл өглөө.

Тэрээр "ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж маш ноцтой асуудлыг гаргаж тавьсан. Ардчилсан Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн, 3 шатны шүүхийн түвшинд хууль бусаар ялласан байж болзошгүй нөхцөл үүсээд байна. Олон улсын хүний эрх, парламентын байгууллагууд энэ талаар УИХ, Засгийн газартай холбогдож ажилласан. 

Бичлэгтэй холбоотой асуудлаар өнөөдөр Засгийн газар хуралдсан. Их урт бичлэг байгаа. Зарим нь мөрдөн байцаалтад орсон хэсэг байгаа. Түүнийг нууцаас гаргах гэхээр мөрдөн байцаалтад хөндлөнгөөс оролцсон болчихно. Мөрдөн байцаалтад ороогүй хэсэг буюу сэргээсэн бичлэг бас байгаа. Тус сэргээсэн бичлэгийг Тагнуулын байгууллага олон нийтэд дэлгэж болох, болохгүй гэж 2 ангилсан юм билээ. Үүнийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд нууцаас гаргасан. Тэгэхээр тус бичлэгийг чуулган дээр УИХ-ын гишүүд хаалттай үзэх ч юм уу тийм зүйл болох байх. Удахгүй хэвлэлийнхэнд ил болно гэж би бодож байна. Гэхдээ энэ бол олон нийтэд үзүүлж болох бичлэгийн бага хэсэг юм" хэмээлээ. 

Мөн тэрээр "ХЗДХ-ийн сайд өөрөө уг асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд өргөдөл өгсөн. Дараа МАН-ын бүлэг хэлэлцэж, өчигдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд яаралтай горимоор хуралдах шаардлагатайг бичгээр хүргүүлсэн. Тус шийдвэрийг аваад ҮАБ-ын зөвлөл өчигдөр орой хуралдсан. Ингээд маш яаралтай горимоор хуулийн төсөл санаачилъя гэсэн шийдвэрт Монгол Улсын Ерөнхийлөгч хүрч байна гэж би ойлгосон. 

Тус хуулийн төслийг өнөөдөр Засгийн газар болон МАН-ын бүлгийн хуралдаанаар дэмжлээ" гэв.

Яг одоо уг хуулийн төслийг УИХ дахь Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байна.