С.Зоригийн хэрэгтэй холбоотой асуудлаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өнгөрсөн пүрэв гарагт мэдээлэл хийсэн.

Тэрээр "С.Зоригийн хэргийн буруутан гээд буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж, хилс хэрэгт гүтгэсэн байна. Үүний нотлох баримтууд байгаа. Би амьдралдаа уучлал гуйж үзээгүй. Одоо Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын гэр бүлээс уучлал гуйж байна. Тэднийг эмнэлэгт хэвтүүлсэн байгаа. Шүүхээр гэм буруугүйг нь тогтоох хүртэл эмнэлгээс гаргахгүй" хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор хуульч Н.Ариунболд өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрээр "Сүүлийн үед хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас шүүх эрх мэдлийн байгууллага руу зохион байгуулалттайгаар дайрах үйл явдал гарч байна. 

УИХ, Засгийн газрын зарим гишүүн ийм мэдээлэл нэлээд хийж байна. Тухайн улс төрчийн хувийн байр суурь байж болно. Гэвч сүүлийн 2-3 хоногийн байдлаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нэгэнт шийдэгдсэн асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлж, Үндсэн хуульд заасан гэм буруугийн асуудлыг шүүхээс нэгэнт шийдсэн байхад энэ талаар сөхөж мэдээлэл хийсэн нь хуулийн зарчимд нийцэхгүй үйлдэл болсон.

Ц.Нямдорж сайдын ярьж буйчлан эрүүдэн шүүсэн, 1937 оны үйл явдал давтагдсан баримтыг УИХ, Засгийн газар, намын бүлэг дээр танилцуулах бус прокуророор дамжуулаад тухайн асуудлыг шийдсэн шүүхэд хандаж, шүүхээр хянуулах хуулийн зохицуулалттай.

Ардчилсан Үндсэн хуультай энэ улсад нэг ч иргэн, нэг ч хором хилсээр хоригдох, шийтгэгдэх ёсгүй. Шийдэгдсэн хэргийг шинээр илэрсэн нөхцлийн улмаас хянах хуулийн зохицуулалт бол Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан байдаг. Гэтэл шинээр илэрсэн нотлох баримтыг уг асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд гаргаж өгөлгүйгээр улстөрийн байгууллага, Засгийн газарт танилцуулж буй нь дээрх хуульд нийцэхгүй. Шүүхийн бүрэн эрхэд халдсан үйл ажиллагаа болсон гэж үзэж байна.

Тиймээс үнэхээр тийм баримт байгаа бол прокуророор дамжуулж шүүхийн байгууллагад хянуулахыг ХЗДХ-ийн сайдаас шаардаж байна" хэмээн мэдэгдэв.