УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар С.Зоригийг хөнөөсөн хэргийг хянах "Түр хороо" байгуулах эсэх асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.

Тус асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа "Түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй" гэсэн томъёоллоор санал хураалт явууллаа. Чуулганы хуралдаанд 55 гишүүн оролцсоноос 37 нь буюу 74 хувь нь дэмжив.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж чуулганы өчигдрийн хуралдааны үеэр "С.Зоригийг хөнөөсөн хэргийг хянах "Түр хороо" байгуулах асуудлыг яаралтай хэлэлцэж өгөхийг ХЗДХ-ийн сайдын хувьд гишүүдээс хүсэж байна хэмээснийг УИХ-ын гишүүд дэмжсэнээр өнөөдөр тус асуудлыг хэлэлцлээ.

Чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ.

Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав нарын 11 гишүүн өнгөрсөн 2 дугаар сарын 28-нд өргөн мэдүүлсэн юм.