Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны ерөнхийлөгч З.Алтанзул, гүйцэтгэх захирал Ж.Алтангэрэл болон удирдах зөвлөлийн зарим гишүүнийг хүлээн авч уулзав.

Уулзалтаар үеэр Хорооны дарга Д.Баярсайхан, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр тус холбоотой хамтран ажиллаж Монгол улсыг саарал жагсаалтаас яаралтай гаргах талаар салбарын хувьд шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх, хоёр байгууллагын хооронд 2014 онд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчлэн баталж, уулзалтуудыг тогтмол зохион байгуулж ажиллах нь ач холбогдолтой гэдгийг онцоллоо.

ББСБ-уудын холбооны ерөнхийлөгч З.Алтанзул 250 гаруй ББСБ-ыг гишүүнчлэлдээ нэгтгэсэн тус холбоо нь финтек, ёс зүйн зэрэг хэд хэдэн хороо байгуулан ажилладаг гэлээ. Мөн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр онлайн сургалтуудыг салбарын ажилтнуудад зохион байгуулж байгаа талаараа дурдаж, цаашид салбарын хууль эрх зүйн орчин болон гишүүн байгууллагуудаа чадавхжуулах тал дээр Хороотой хамтран ажиллахаа илэрхийлэв.

Мөн Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан "Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо", “Монголын хөрөнгийн бирж” ХК, “Монголын үнэт цаасны бирж” ХК, “Арилжааны төлбөр тооцоо” ХХК, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр зах зээлийн мэргэжлийн холбоо болон дэд бүтцийн байгууллагуудын хийж буй гол ажлууд, цаашид хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагаа, санал санаачилгыг сонсож, Хорооноос гаргасан дүрэм журмууд, Хорооны үйл ажиллагаа, түүний үр ашгийг хэрхэн нэмэгдүүлэх талаар санал бодлоо солилцож, харилцан зөвлөлдлөө