УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт "Эмийн үнэ валютын ханшийн өсөлт, үндэсний мөнгөн тэмдэгтийн уналтаас болж яах ч аргагүй байдалд хүрч нэмэгдэж байна. Цаашид үүнийг яаж зохицуулах вэ. Мөн сувилагч байхгүй болчихлоо. Үүнийг яах вэ" хэмээн асуулаа.

Хариуд нь УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Эмийн үнийн асуудал сүүлийн үед нэлээд яригдаж байна. Үүнийг Эм холбоо, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар ярилцаж байгаа. Бусад орны жишгээр эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг УИХ яаралтай баталж, шийдвэрлэх бүрэн боломж бүрдэнэ гэж үзэж байгаа. Сувилагчийн тухайд эрүүл мэндийн салбарын боловсон хүчний бодлогыг 20 гаруй жилийн турш алдаатай явуулж ирсний сөрөг үр дагавар гэж эрүүл мэндийн салбарынхан үздэг. Сүүлийн 1-2 жилд гэнэт сувилагчгүй болсон асуудал байхгүй. 

Одоо ЭМЯ-ны түвшинд ямар бодлого барьж байна вэ гэхээр, Сувилагч болох хүүхдийг заавал 12 дугаар анги төгсгөхгүйгээр 10 дугаар анги төгсгөөд хоёр жилийн хугацаатай, улсын тэтгэлгээр бэлтгэвэл хүүхдүүд энэ чиглэлээр суралцах нөхцөл бүрдэнэ. Төрийн бодлогоор сувилагчийн тоог нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа" хэмээв.