Шинэ коронавирустэй холбоотой асуулаар Эрүүл мэндийн яам өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ.

Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өчигдөр мэдээлэл өгснөөс хойш 24 цагийн хугацаанд шинэ коронавирусийн халдвар шинээр 14 улсад бүртгэгдсэн байна. Улмаар нийт 164 улс боллоо. Номхон далайн арлын орнуудад өвчлөл бүртгэгдсэн байна. АНУ, Норвеги, Дани, Итали, Испани зэрэг оронд өвчлөлийн тархалт өндөр байна. 

Манай улсын хувьд өчигдөр шинэ гурван тохиолдол бүртгэгдсэн. БНСУ-аас Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирсэн хоёр зорчигч, Берлин-Улаанбаатар чиглэлийнхээр ирсэн нэг зорчигчоос коронавирус илэрсэн. 

Энэ хүмүүсийг ХӨСҮТ тусгаарласан, бүх хавьтлыг хяналтад авч, лабораторын судалгаа шинжилгээ хийж байна. 

Эрсдэлт бүлгийн хүмүүсийг өвчлөл өндөртэй газраас авчирч буй учир эрсдэл ихтэй гэдгийг бид урьдчилсан байдлаар тооцоолж, бэлэн байдлын арга хэмжээ авсан байсан. 

Бүх хүнийг онгоцонд масктай суулгасан. Хоол хүнсний ямар нэгэн зүйл өгөөгүй. Хоорондоо ярихгүй байх зөвлөмж өгсөн. МХЕГ-ын байцаагч нар ажиглалт хийж, биеийн байдлыг эрэмбэлэн ангилах зүйлүүдийг хийсэн.

Иймд энэ голомт бол тархвар судлалын хувьд харьцангүй эрсдэл багатай. 

Бүртгэгдсэн тохиолдлуулыг харахад БНСУ-аас ирсэн хоёр хүн хоёулаа эмнэлгээр үйлчлүүлсэн байна. Тэгэхээр аль ч ороны эмнэлэг өвчин тархаах үндэс болж буй учир аль болох эмнэлгээр битгий яв. Эмнэлэг рүү явахаасаа илүү утсаар эмч, мэргэжилтнээс зөвлөгөө ав. Яаран эмнэлэг явах нь өөрийгөө эрсдэлд оруулна" хэмээлээ.