Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар коронавируст халдвар дэлхийн 216 орон, бүс нутагт бүртгэгдэж, нийт 12.368.000 хүн өвчилж, 556.000 хүн энджээ. Нийт 7.100.000 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан, 4.600.000 хүн эмнэлэгт эмчлэгдэж байна. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 212.000 хүн коронавирусээр өвчилсөн байна. Энэ нь нэгдүгээр сараас хойш хоногт хамгийн олон хүн өвчилсөн тохиолдол юм. Энэ нь өмнөх өдрөөс өвчлөл 12.000 хүнээр нэмэгдсэн үзүүлэлт боллоо. 24 цагийн дотор Бразилид 42.000, Энэтхэгт 25.000, Өмнөд Африкт 13.000 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Мөн АНУ-д хоногт 64.000 хүн өвчиллөө. 

Үүнтэй холбоотойгоор тус улсын Халдварт өвчин, харшил судлалын үндэсний хүрээлэнгийн захирал, доктор Антони Пауч "Коронавирус бол өмнө нь бидний мэддэг байсан олон вирустэй огтхон ч адилгүй. Иймд тус вирусийн эсрэг вакцин гарсны дараа ч цар тахлыг хяналтдаа авах нь бидний болон дэлхийн хувьд нэлээд хэцүү асуудал байна" гэдгийг онцолж хэллээ.

Одоогоор коронавирусээс сэргийлж чадах хамгийн үр дүнтэй арга нь хүн бүр тогтмол амны хаалт зүүж, гараа угааж, хүн хоорондын зайг барьж, олон нийтийн газраар явахгүй байх гэдгийг дэлхий эрдэмтэд онцолж байна. 

ОХУ-д сүүлийн 24 цагт нийт 6.509 хүн шинээр өвчилж, 176 хүн нас барсан байна. Манай улсын олон аймагтай хил залгадаг Буриад, Эрхүү, Тува, Чит мужид өвчлөл сүүлийн хоногт 36-54 тохиолдлоор нэмэгдсэн. Тувад сүүлийн хоногт шинээр 54 хүн өвчилж, нийт өвчлөл 5.280 болсон. Буриадад шинээр 38 хүн өвчилсөн байна.

Манай улсын хувьд өчигдөр тусгай үүргий нислэгээр Истанбулаас 262 иргэнэ татаж авсан. Үүнд эрүүл мэндийн шалтгаантай 61 хүн, өндөр настан 22, бага насны хүүхэдтэй 51 жирэмсэн эмэгтэй 8 байна. Тэдний 4-ийг нь ХӨСҮТ-д, 5-ыг нь Цэргийн төв эмнэлэгт, бусдыг нь зочид буудалд байршуулан тусгаарласан. Ажиглалтад өчигдөр шинээр 341 хүн орж, 286 хүн ажиглалтаас гарсан. Одоо 3050 хүн ажиглалтад байна" хэмээлээ.