Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар коронавируст халдвар дэлхийн 216 орон, бүс нутагт бүртгэгдэж, нийт 19.736.000 хүн өвчилж, 731.000 хүн энджээ. Одоогийн байдлаар нийт 12.847.000 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 273.000 хүн коронавирусээр өвчилж, 6.000 гаруй хүн нас баржээ. Сүүлийн 10-аад хоногт коронавирусийн халдварын дэгдэлт эрчимжиж, хоногт 250.000-аас дээш хүн өвчилж байна.

Иймд ДЭМБ-ын Ерөнхий захирал "Дэлхий нийтээрээ хамтран коронавирустэй тэмцэх цаг нэгэнт болсон" гэдгийг дахин онцолсон. 

Сүүлийн 24 цагт Энэтхэгт 62.000, АНУ-д 54.000, Бразильд 23.000 хүн шинээр коронавирусээр өвчилсөн байна. Манай улсын хөрш ОХУ-д 24 цагт 5180 хүн шинээр өвчилж 77 хүн эндсэн. БНХАУ-д шинээр 121 тохиолдол бүртгэгдсэнээс 35 нь гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна. Японд сүүлийн 14 хоногт өвчлөл эрчтэй нэмэгдэж буй бөгөөд сүүлийн хоногт 1443 хүн шинээр өвчилж, 5 хүн нас барсан байна.

Манай улсын хувьд өчигдөр ажиглалтад шинээр 289 хүн хүн орж, 26 хүн ажиглалтаас гарсан. Одоо нийт 3358 хүн ажиглалтад байна. Тэдэнд 79 төрийн албан хаагч тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Тусгай үүргийн онгоцоор ирсэн 79 хүн Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 3 хүний биеийн байдал хүндэвтэр эрчимт эмчилгээний тасагт байна. Тэдэнд 13 их эмч, 41 ресидент эмч эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна" хэмээлээ.