Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар дэлхийн 216 орон, бүс нутагт бүртгэгдэж, 4.628.000 хүн өвчиллөө. Нийт 308.000 хүн нас барж, 1.7 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан. 2.5 сая хүн уг өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Сүүлийн 24 цагт дэлхийн хэмжээнд 108.000 хүн шинээр өвчилж, 5600 хүн нас барсан байна. Энэ нь өмнөх өдрөөс өвчлөл 10.000-гаар, нас баралт 600-гаар нэмэгдсэн үзүүлэлт болж, өвчлөл эрчтэй тархаж байна.

Манай хөрш ОХУ-д сүүлийн 24 цагт өвчлөл 10.598 тохиолдлоор нэмэгдсэн. Буриадад 58, Эрхүүд 95, Тувад 26 тохиолдол шинээр бүртгэгдсэн.

Манай улсын 24 цагийн 119 шуурхай дугаарын утсанд 219 дуудлага ирж, коронавирусээс урьдчилан сэргийлэх болон эмнэлзүйн талаар зөвлөгөө авсан. Мөн гадаадад буй монголчууддаа зориулсан "Шуурхай 119" аппликейшнаар АНУ, Швед, БНСУ-аас долоон иргэн холбогдож, зөвлөгөө авсан. 

Швед улсад нэг гэр бүлийн хоёр хүн коронавирусийн халдвар авч, нэг нь биеийн байдал нь маш хүнд, эмнэлэгт эрчимт эмчилгээний тасагт амьсгалын аппарат байгаа харамсалтай мэдээтэй байна. ХӨСҮТ-ийн мэргэжлийн эмч нар ар гэрийнхэнтэй нь холбогдож зөвлөгөө өгсөн.

Супермаркетын худалдагч нар амны хаалт, бээлийгүй хүмүүст үйлчилж байна гэсэн дуудлага сүүлийн өдрүүдэд зонхилон ирсэн. Иймд ЭМЯ-наас худалдаа, үйлчилгээний газруудад мөрдөх зөвлөмж боловсруулж, гаргасан" хэмээлээ.

Мөн тэрээр ДЭМБ өчигдрийн хэвлэлийн хурлынхаа үеэр онцолсон нэг зүйл нь Сүүлийн хэдэн долоо хоногт Европ, Хойд Африк, Хойд Америкт 230 гаруй хүүхдэд олон эрхтний үрэвслийн цочмог хам шинж буюу "хавасика" өвчний шинжтэй төстэй өвчин илэрсэн. Энэ нь шинэ коронавирустэй холбоотой байж магадгүй гэсэн дүгнэлтийг хүүхдийн эмч нар гаргасан байна. Иймд дэлхийн бүх улс орон энэ хам шинж хүүхдүүдэд илэрч байгаа эсэхэд илүү анхаарч ажиллахыг ДЭМБ-аас зөвлөсөн" гэдгийг онцлон хэллээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавируст халдварын нийт 135 тохиолдол бүртгэгдсэн. 20 нь эдгэрэн дараагийн шатны хяналтад шилжсэн байна.