Шинэ коронавирустэй холбоотой асуудлаар Эрүүл мэндийн яам өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар дэлхийн 209 оронд бүртгэгдэж, нийт 1.200.767 хүн өвчилж, 64.715 хүн нас барсан. АНУ, Испани, Итали, Иран, Герман, Франц, Швейцари, Их Британи, Турк улсад өвчлөл нэлээд эрчтэй тархаж байна. 

Манай улсад нийт 14 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Хоёр тохиолдол нь эдгэрч, сувилалд шилжсэн. 12 нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. 

Ажиглалтад нийт 2334 хүн байна. Тэдний биеийн байдал сайн, 380 гаруй эмч эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байна. Тэдний дунд жирэмсэн эмэгтэй 71, 0-1 насны хүүхэд 22, 1-5 хүртэлх насны 46 хүүхэд, 6-8 хүртэлх насны 128 хүүхэд, архаг суурь өвчтэй 35 хүн байна" хэмээлээ.


Дэлхийн бусад улсад:

Испани улсад сүүлийн 24 цагт шинэ халдварын тоо 7200 гаруйгаар нэмэгдсэн. Халдвар буурахгүй байгаагаас үүдэн дөрөвдүгээр сарын 11-нд дуусах байсан онц байдлын хугацааг дахин 14 хоногоор сунгажээ. 

Италид 681 хүн нас барсан нь өмнөх өдрүүдээс буурсан үзүүлэлт болсон байна. Мөн тус улсад эрчимт эмчилгээнд орж буй хүмүүсийн тоо ялимгүй буурчээ.

АНУ-д бямба гарагт шинээр 27800 гаруй тохиодолд бүртгэгдэж, тус улсад халдвар авсан нийт хүний тоо 305.000 давж, бүртгэгдсэн нас баралт 8200 гаржээ.

Япон улсад халдварын 118 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь бүгд Токио хотод аж. Тэдгээр нь бүх насны хүмүүс бөгөөд 81 нь халдварыг ямар замаар авсан нь тодорхойгүй байна. 

БНСУ-д шинэ тохиолдлын тоо буурч эхэлжээ. Бямба гарагт 81 тохиолдол бүртгэгсэнээс 24 нь гаднаас ирж тусгаарлагдсан хүмүүс аж. Улмаар тус улсад нийт 741 тохиолдол зөөвөрлөгдөн ирсэн байна. 

БНХАУ-д шинээр 30 тохиолдол бүртгэгдсэнээс 25 нь зөөвөрлөгдөн иржээ. Мөн тус улсад шинж тэмдэггүй халдварын 1024 тохиолдлыг эмнэлгийн хяналтад авч ажиглаж байна.