Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр 11:00 цагт мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "11 дүгээр сарын 28-нд нийт 9513 хүнд PCR шинжилгээ хийхэд 24 хүнээс коронавирус илэрлээ. Нэг нь 11 дүгээр сарын 16-нд ирсэн тийр машины жолооч бөгөөд давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн. Энэ нь зөөвөрлөгдсөн тохиолдол.

Бусад 23 тохиолдол нь дотоодоос илэрлээ.

Тодруулбал,

  • Улаанбаатарт 5 тохиолдол бүртгэгдэж, нийт 75
  • Сэлэнгэ аймагт 7 хүнээс илэрч, нийт 174
  • Дархан-Уул аймагт 9 хүнээс илэрч, нийт 44 тохиолдол боллоо. 

 /Эдгээр нь өмнөх тохиолдлуудын ойрын хавьтал буюу тусгаарлалтад байсан хүмүүс/

Орхон аймагт нэмж бүртгэгдээгүй, нийт 22

Говьсүмбэр аймагт нэмж бүртгэгдээгүй, нийт 3

Дорноговь аймагт нэмж бүртгэгдээгүй, нийт 21 тохиолдол байна.

Архангай аймагт шинээр 2 тохиолдол бүртгэгдсэн. Бид эндхийн голомтын тандалт, судалгааны явцад халдвар бүртгэгдсэн хувийн эмнэлэг, бариа заслын үйлчилгээтэй холбоотой ойрын хавьтал илэрснийг араас нь тандан хөөж, Архангай аймгийн Батцэнгэл суманд явсныг илрүүсэн. Улаанбаатар дахь халдварын голомтот эмнэлэгт ирж үйлчлүүлсэн энэ хүн халдвар авсан байх магадлалтай гэдэг мэдээллийг Архангай аймагт өгснөөр богино хугацаанд арга хэмжээ авч илрүүллээ. Түргэвчилсэн шинжилгээний хариу нь эерэг гараад PCR шинжилгээгээр батлагдлаа. Өвтөнүүд болон нэг, хоёрдугаар хавьтлын 200 гаруй хүнийг тусгаарласан. Дээрх суманд хөл хорио тогтоосон. Сэлэнгэ аймагт ажиллаж байсан авто лабораторыг Архангай аймаг руу явуулсан. Шинжилгээ үргэлжилж байна.

Улмаар манай улсад дотооддоо бүртгэгдсэн халдвар 341, зөөвөрлөгдөн орж ирсэн нь 383 буюу нийт 784 тохиолдол бүртгэгдлээ. Тэдний 354 нь эдгэрсэн. 421 хүн эмчлэгдэж буйгаас 339 хүн хөнгөн, 71 хүн хүндэвтэр, 5 хүн хүнд, 6 хүний биеийн байдал маш хүнд байна.

Сүүлийн 24 цагт 7 хүн эдгэрлээ" хэмээн мэдээллээ.