Коронавирусийн талаарх ээлжит мэдээллийг Эрүүл мэндийн яам, холбогдох байгууллагаас өнөөдөр хийлээ.

Мэдээллийн үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 2368 хүн ажиглалтад тусгаарлагдаж байна. Эдгээр дотор жирэмсэн хүн 43, тав хүртэлх насны 56 хүүхэд байна. Мөн даралт огцом ихэсдэг, чихрийн шижинтэй, хавдар, гэмтэлтэй зэрэг эрхтэн тогтолцооны бусад эмгэгтэй хүн цөөнгүй байгаа. Тэдэнд тусгаарлагдах байранд буй эмч нар тусламж үзүүлээд, шаардлагатай тохиолдолд лавлагаа төвөөс тусламж үзүүлж байна.

Сүүлийн 24 цагт түргэн тусламжийн 1755 дуудлага хүлээж авсан. Үүнд тав хүртэлх насны хүүхэд, төрөхийн дуудлага, бусад осол гэмтлийн дуудлага зонхилж байна. Мөн сүүлийн 24 цагт орон нутгийн галт тэргээр зорчсөн 3101 иргэнд ажиглалт тандалт хийсэн" хэмээлээ.

Мөн тэрээр "Бид 100, 103, 80086829, 323002, 119 гэсэн утсуудаар холбогдсон иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгч байгаа. Сүүлийн 24 цагт зөвхөн 119 дугаарт 184 дуудлага ирсэн. Үүн дотор тоглож залгасан дуудлага 18, авангуут утсаа тасалж буй дуудлага 38 ирсэн. 

Цаана нь яаралтай холбогдож зөвлөгөө авах шаардлага, хэрэгцээтэй маш олон хүн байгаа учир саад хийж, тоглож залгахгүй, иргэний хариуцлагаа ухамсарлахыг иргэдээс хүсье" гэдгийг онцоллоо.