Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар дэлхийн 216 орон, бүс нутагт бүртгэгдэж, нийт 5.079.000 хүн өвчилж, 329.000 хүн нас барсан байна. Тавдугаар сарын 9-нд 4 сая хүн коронавирусийн халдвар авлаа гэж бид ярьж байсан бол үүнээс хойш 11 хоногийн хугацаанд нэг сая гаруй хүн уг өвчнөөр өвчиллөө.

Гэхдээ 2 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан. 2.7 сая хүн уг өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 45.000-ынх нь биеийн байдал маш хүнд байна.

Сүүлийн 24 цагт нийт 96.000 хүн коронавирусээр өвчилж, 4.000 гаруй хүн нас барсан байна. Энэ өвчлөл 4-5 оронд голомтлон илүү эрчтэй тархаж байна. Тэдгээрийн нэг болох манай улсын хойд хөрш ОХУ-д 24 цагийн хугацаанд өвчлөл 8.764 тохиолдлоор нэмэгдлээ.

Манай улсын олон аймагтай хил залгадаг Буриадад өвчлөл 42-оор нэмэгдэж, нийт 1021 болсон, Эрхүүд 48 тохиолдлоор нэмэгдэж нийт 746, Тувад 56-гаар нэмэгдэж, нийт 407, Чит мужид 20-иор нэмэгдэж нийт 615 хүн өвчилсөн байна.

Манай улсын хувьд сүүлийн 24 цагт 47 хүн шинээр ажиглалтад орж, нийт 1962 хүн ажиглалтад байна. Тэдгээрийн дунд чихрийн шижин, архаг хууч өвчтэй, артерын даралттай 280 гаруй хшн байна. Тэдэнд нийт 40 их эмч, 55 ресидент эмч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна" хэмээлээ.