МОСКВА. /RIA Novosti/. АНУ-ын Калифорни муж улсын Сан Франциско хотод төвтэй, аппликэйшны зах зээлийн талаарх мэдээлэлд дүн шинжилгээ хийдэг “App Annie” компанийн шинжээчид сүүлийн 10 жилийн хугацаанд хамгийн их татсан гар утасны аппликэйшнуудын жагсаалтыг гаргажээ.

Уг жагсаалтын эхний дөрөвт "Facebook", "Facebook Messenger", "WhatsApp" болон "Instagram" гэсэн программууд бичигдсэн бол тавдугаар байрыг "Snapchat" эзэлжээ. 

Жагсаалтын эхний аравт эдгээр аппликэйшнаас гадна "Skype", "YouTube", "Twitter"-ийг оруулаад Америкийн компаниудын найман программ, Хятадын хоёр компанийн аппликэйшн "TikTok" болон "UC Browser" багтсан байна.  

Харин "Netflix", "Tinder", "Pandora Music" аппликэйшнууд гар утасны платформ дээр хамгийн их ашиг олжээ. Хамгийн алдартай тоглоомуудын жагсаалтын нэгдүгээрт, Данийн "Kiloo" компанийн бүтээсэн "Subway Surfers" тоглоом бичигдсэн байна. Мэргэжилтнүүд энэ амжилтыг Энэтхэгийн хэрэглэгчдийн дунд асар их алдаршсантай холбон тайлбарлажээ. 

Уг жагсаалтын эхний тавд "Candy Crush Saga", "My Talking Tom", "Temple Run 2" болон" Clash of Clans" тоглоом орсон байна. Сүүлийнх нь хамгийн их ашиг орлого олсон гар утасны тоглоом болжээ.


 

Эх сурвалж: Монцамэ агентлаг