Шинэ коронавирустэй холбоотой асуудлаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "ХӨСҮТ-Д тусгаарлагдсан 6 хүний шинжилгээний хариу бүгд сөрөг гарч, коронавирус илрээгүй. Өчигдөр Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 7 хүнийг, өмнө нь Монголд ирсэн байсан нэг, нийт 8 хүнийг  ХӨСҮТ-д тусгаарласан. Шинжилгээ, эмчийн үзлэг хяналт явагдаж байна. 

Вирусийн халдвар дэгдэж буй үед БНХАУ Цагаан сараа өргөн тэмдэглэж, эргэж нөхөшгүй алдаа гаргасныг бид бүгд харж байна. Иймд цөөн хүн амтай манай улсын иргэд сахилга баттай, төр засгийн шийдвэрийг хүн бүр дагаж мөрдөж, тэмцэх шаардлагатай байна" хэмээлээ.

Өнөөдрийн 10.00 цагийн байдлаар коронавирусийн нийт 78986 тохиолдол бүртгэгдэж, 23341 хүн эдгэрч, 2465 хүн нас баржээ. Уг вирус дэлхийн 28 оронд бүртгэгдсэн, манай улсад бүртгэгдээгүй. Сүүлийн өдрүүдэд эх үүсвэр нь тодорхойгүйгээр бусдад халдварлах тохиолдол нэмэгдэж буйг ЭМЯ-наас анхааруулж буй. БНСУ, Итали зэрэг БНХАУ-аас өөр орнуудад тархалт эрчимжиж, БНСУ онц дэглэм тогтоогоод байна.