Шинэ коронавирустэй холбоотой цаг үеийн асуудлаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "2020 оны хоёрдугаар сарын 4-нд Дархан-Уул аймагт тусгаарлагдсан хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Шинэ коронавирус илрээгүй, халдваргүй нь тогтоогдсон. Мөн энэ сарын 04-нд ХӨСҮТ-д хоёр тохиолдол тусгаарлагдсан ч шинжилгээний хариу нь сөрөг буюу халдваргүй гарсан. 

Энэ сарын 05-нд ХӨСҮТ-д сэжигтэй гурван тохиолдол тусгаарлагдсан. Тодруулбал, тус өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн Австралийн иргэн, мөн Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн монгол иргэн, нэгдүгээр сарын 30-нд Замын-Үүд боомтоор галт тэргээр орж ирсэн нэг хүнээс тус тус шинж тэмдэг илэрсэн учир тусгаарласан. Хариу нь гарахаар мэдээлнэ.

Өчигдөр Орхон аймагт сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн мэдээлэл цацагдсан. Тус хүний шинжилгээний сорьц өчигдөр орой ХӨСҮТ-ийн лабораторт ирсэн. Хариу нь өнөөдөр гарна" хэмээлээ.