Улсын нэгдүгээр төв эмнэлэг бол ачаалал хамгийн ихтэй эмнэлгүүдийн нэг. 

21 аймаг, нийслэлийн иргэдийн олонх нь тус эмнэлэгт ханддаг бөгөөд амбулторын үзлэг, шинжилгээ гээд өдөрт дунджаар 2000 орчим хүн эргэлдэн үйлчлүүлдэг байна.

Эмчид үзүүлэх, цаашлаад шинжилгээ өгөх, эмчилгээ хийлгэх цаг авахын тулд иргэд өглөөний 06.00 цагаас эхлэн эмнэлэг дээр ирж дугаарладаг аж. Мэдээж үүнд бүх насны хүн хамаарна.

Ингэж эрт ирж дугаарласан иргэдийн зарим нь тухайн өдрөө үзүүлэх цаг авч амждаг ч, олонх нь нэлээд хэд хоногийн дараа ирж үзүүлэх цаг аваад буцдаг болохыг өглөө сурвалжлага хийж явахдаа ажиглаглав.

Бүртгэлийн хэсэгт дугаарлаж, эмчид үзүүлэх цагаа бичүүлээд буцаж буй 60 орчим насны эмэгтэйгээс эмнэлэг, эмнэлгийн үйлчилгээний талаар асуухад “Би өглөөний 09.00 цагт ирсэн. Гэтэл миний өмнө 300 гаруй хүн ирчихсэн байсан. Бүртгэлийн дугаараа авах гэж удаан хүлээлээ. Удаан хүлээсэндээ ядраад хажуу талын буфет руу орж цай уух хооронд дугаар дуудчихаж. Гарч орох хооронд сольчих юм. Очоод учраа хэлэхээр уурлаж, загнаад л, өвдөж зовохын хажуугаар энд хүний эрхэнд л явж байна. Мэдээж бүртгэлийн ажилчид янз бүрийн олон хүнтэй харьцдаг болохоор стрeстэй л байдаг биз" гэлээ. 

Бас нэгэн бүсгүй ийнхүү учирласан. "Уушгины эмч, бамбайн эход харуулахаар ирсэн. Дугаараа хүлээсний эцэст цаг авахад 5 хоногийн дараа үзүүлэх цаг бичиж өглаа. Би Дархан-Уул аймгаас ирсэн болохоор энэ хугацаанд харих хэцүү, харихгүй байх хэцүү болчихоод явж байна. Эмчид үзүүлэх гээд ирэхэд хамгийн түрүүнд тулгамдаж буй асуудал нь олон хоногийн дугаар авах, дугаараа хүлээх” гэв.

Мөн бүртгүүлэхээр дугаарлаж буй 30 настай, эмэгтэй Б.Ө-аас энэ талаар асуухад 

“Очeр маш их юм. Би өмнө нь ирж үзүүлэх цаг авч байсан. Уг нь тэр өдөр ажлаасаа чөлөө аваад ирсэн ч эмнэлгийн үйлчилгээгээ авч чаддаггүй. Цаг дууссан гээд 15-20 хоногийн дараа шинжилгээ өгсөн. Энд үзүүлэхээр ирсэн хүмүүс дугаарлаж шинжилгээ өгөх өдөр, цаг аваад л буцдаг. Гэтэл цаг авсан 15 хоногийн дараа нь ажлын боломж олдохгүй, хөдөө гадаа явах шаардлага гарна, чөлөө өгөхгүй гээд олон шалтгааны улмаас үзүүлж амждаггүй. Цагаасаа жоохон хоцорсон бол тухайн өдөр үзүүлэх нь өнгөрсөн гэсэн үг. Ингэснээр шинжилгээ өгөх процесс цаг авахаас эхлээд дахиад шинээр эхлэдэг. Бичиж өгсөн цагийн дагуу 15-20 хоногийн шинжилгээ өгөхөөр ирэхээр манай эмнэлэгт ийм шинжилгээ авах бодис байхгүй, өөр хувийн эмнэлэгт очиж шинжилгээ өг гэсэн удаа ч бий. Ингэхээр эрүүл мэндийн даатгал төлж буйн хэрэг гарахгүй байна” хэмээн бухимдалтай ярилаа. 

Эндээс харахад Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хандаж буй хүмүүсийн хамгийн их бухимддаг зүйл нь бүртгүүлэх, дараа нь үзүүлэх хоног өдрөө хүлээх аж.

Тус эмнэлгийн стандартаар бол ажлын 8 цагтаа тааруулаад дотор, мэс заслын зэрэг нэг кабинет нэг хүнд дунджаар 15 минут зарцуулдаг гэнэ. Ингэхээр өдөрт нийт 32 хүн үзэх нормтой гэсэн үг. 

Үүн дээр давтан үзлэгийн хүмүүс нэмэгддэг. Учир нь эмчилгээ хийлгэсэн хүн 14 хоног дотроо давтан үзлэгт хамрагдвал цаггүй үйлчлүүлнэ гэсэн журамтай аж. Ингэснээр цаг авсан 32 хүний дундуур өдөр бүр адилгүй ч дунджаар 30 гаруй хүн үзүүлж эмч нар нормоосоо 2 дахин их ачаалалтай ажилладаг гэнэ.

Эмч нар ачааллаа зохицуулах гэж хэрэндээ сандардаг бололтой.

“Үзлэгт хамрагдах хүний тоо нормоос олон байдаг тул нэг хүнд 15 минут зарцуулах ёстойгийн 12 минутад нь үзчихээд, үлдсэн 3 минутад давтангийн хүн үзчихьe гэх зэргээр эмч нар боломжоороо “манeвралж” хүндээ үйлчилж байна. Энэ нь өвчтөнүүдийн сэтгэл ханамжид хүрэхгүй байх зэрэг нөлөөлөл гардагийг үгүйсгэхгүй” гэдгийг тус эмнэлгийн Статистикч их эмч Э.Энх-Эрдэнэ хэлсэн юм. 

Иргэн 50 настай Х.Б “Би дөнгөж сая эмчид үзүүлэх цагаа авлаа. 11 хоногийн дараа л үзүүлэх нь. Ингэж олон хоног хүлээлгэх нь маш хүндрэлтэй санагдаж байна. Өндөр төлбөртэй хувийн эмнэлгүүд мэдээж очeр дугааргүй амар байлгүй яахав. Амьдралын боломж муутай хүмүүс дугаараа хүлээсээр үхэж магадгүй юм байна. Энэ 10 хоногийг хүлээж чадах хүн байна, чадахгүй хүн бас бий шүү дээ. Биe нь муу хүлээж чадахгүй байлаа гэхэд яараад хувийн эмнэлэгт үзүүлэх боломжгүй ч хүмүүс зөндөө. Би яаралтай үзүүлэх шаардлагатай болоод эмнэлэгт үзүүлж явна. Өмнө нь бүр 20 хоног хүлээж байсан. Харин ажилтнуудын харилцаа бол аятайхан, эелдэг найрсаг юм гэлээ.

Үүний дараа Ходоод гэдэс, элэг цөсний кабинетэд цагаараа үйлчлүүлж буй өндөр настнаас асуухад "Үйлчилгээ маш тааруу байна. Энд ихэвчлэн өвдсөн, ядарсан, сандарсан хүмүүс л явж байгаа. Гэтэл зааварлаад өгөх хүн олдохгүй. Арай гэж ороод үзүүлэхээр шинжилгээ өг гэх юм. Тэгээд манай эмнэлэгт авах боломжгүй, бодис дууссан, гадуур хувийн эмнэлэгт өг гэж байна лээ. Би одоо дараалан 10 гаруй хоног эмнэлгээр явж байна. Заримдаа авсан цагууд нь давхцах юм. Нэг газар нь өөр хүн зогсоогоод өөрөө бас нэг газар дугаарласан" гэв.

Тус кабинетэд үзүүлэх гэж буй өөр нэгэн иргэн “Би элэгний цирроз /хатуурал/-той. Давтан үзлэгээр хийлгэхээр Завхан аймгаас ирсэн. Гэтэл сая орсон чинь давтан биш байна. Тэнэг юм шиг хүний ажилд садаа боллоо гээд загнасан. Настай бид чинь учраа олохгүй явж байна шүү дээ. Ийм ийм шинжилгээ өг л гэх юм. Шинжилгээг нь өгьe гэхээр энэ чинь манайд өгөх боломжгүй. Өөр эмнэлэгт өг гэж байна. Эндээс нь асуухад хэлээд зөвлөөд өгөх хүн алга. Ингэсээр байтал үзэх ёстой эмч маань явчихна. Гэсэн ч заавал энэ эмчдээ л үзүүл гэдэг. Одоо гарч яваад эмч нь солигдоод эргэж ирэхгүй. Ингэж явсаар өвчин хүндрээд л байна шүү дээ.

Энэ эмнэлэгтээ дандаа хямд үнэтэй шинжилгээ аваад бусад үнэтэй шинжилгээг өөр эмнэлэгт өг гэж байна. Тухайлбал нэг эмнэлэгт очоод элэгний хатуурал үзүүлэхэд 50.000 төгрөг төлж байна. Тэгээд багцаар нь 60-500 мянган төгрөгөөр хувийн эмнэлгүүдэд шинжилгээ өгч байна” гэж мөн л бухимдуухан эмнэлэгээр явахын зовлонг учирлалаа.

Тус эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдийн бухимдаж буй бас нэг зүйл нь бодис байхгүй гэж хувийн эмнэлэгт шинжилгээ өгөхийг санал болгодог явдал аж. Насаараа эрүүл мэндийн даатгал төлчихөөд улсын эмнэлэгт шинжилгээ өгч чадахгүй, өндөр үнэтэй хувийн эмнэлэгт хандах нь мэдээж хүндрэлтэй. Зарим иргэн төлбөрийг нь төлөх мөнгөгүйн улмаас шинжилгээ өгөхөө болих ч тохиолдол гардаг байна. 

Хувийн эмнэлэгт үнэтэй шинжилгээ өгүүлдэг, мэс засалд оруулдаг сүлжээ үүссэн гэдгийг ч иргэд хэлж байлаа. 

Тус эмнэлэгт сард дунджаар 1600-2200 хүн хэвтэн эмчлүүлж, амбулятороор 25.000-30.000 хүн үзүүлдэг байна.

Бодис байдаггүй гэдэг шалтгаанаар хувийн эмнэлэгт шинжилгээ өг гэдэг асуудлаар бид холбогдох мэргэжилтнээс тодруулан хүргэх болно.