"Оном" сангийн үүсгэн байгуулагч Д.Наранбаатар иргэд, эмнэлэгийн байгууллагийн ажилтнуудад зориулсан мэдээллийг өдөр болгон хийж буй.

Тэрбээр өнөөдөр Монгол Улсын Ерѳнхийлѳгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерѳнхий сайд У.Хүрэлсүх нарт хандаж Оном сангийн эрдэмтдийн багаас #COVID-19 өвчнийг үүсгэгч #SARS-CoV-2 коронавирусийн халдварын тархалтыг хяналтаас алдахгүй байхад чиглэсэн нэн яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх уриалга гаргалаа.

Д.Наранбаатар:

Дэлхий даяараа аюулын харанга дор сандран тэвдэж байна. Бид одоо л нэг удирдлага дор орохгүй бол нэг өглөө сэрэхэд оройтсон байх болно. 

Бид хэдийнэ эмнэлэгийн даацаа хэтрүүлчихсэн. Үүнийг хэдэн тоо баримтаар батлан хэлье. Монгол Улс 271 сэхээн амьдруулах ортой байсан. ЭМЯ-аас зөв зохион байгуулалт хийсний хүчинд 650 орчим болгосон. Гэтэл энэ тахлын үед хэрэгтэй амьсгалын аппарат 160 орчим л байна. Гэтэл 100 нь энгийн үед л байнга хэрэглэгдэж байдаг. 60-хан ширхэг л хүнийг аппаратанд оруулах боломжтой гэсэн үг. Италид олон мянган хүний шарилыг цэргийн машинаар зөөж байна. Ийм л ирээдүй биднийг хүлээж байна. Энэ бол муу амлаж байгаа хэрэг биш. Иймээс даацаа хэтрүүлж болохгүй. Эрүүл мэндийн систем маань байдаг хүчээрээ ажиллаад ч хүчрэхгүй.

Монголын төр гадаадад байгаа иргэний авна гэх нь зөв хэрэг. Гэхдээ энэ олон хүнийг Монголын төр авч чадахгүй. Багтаамж нь ч байхгүй гэдгийг УОК дарга Ц.Энхтүвшин дарга хэлсэн. Гэтэл АНУ-д монгол явах хүмүүсийг бүртгээд байна. Ингэж зөрүүтэй мэдээллээр ард иргэдийг төөрөгдүүлж, худал хоосон хүлээлт үүсгэж болохгүй. Гадаадад байгаа монголчууд маань ч гэсэн улс орныхоо нөхцөл байдлаа мэдэж байгаа. Тиймээс байгаа улс орондоо байдаг чадлаараа арга хэмжээгээ авч өөрсдийгөө хамгаалахыг уриалж байна. Улс орон маань чадал нь хүрвэл авах гэж зүтгэнэ. Гэхдээ амаргүй гэдгийг та бүхэн мэднэ.

Ийм ч учраас Ерөнхий сайд удирдлагыг гартаа атгаж асуудлыг даван туулах төлөвлөгөө хийж, эм, бусад нөөцөө бэлдэх ёстой. Англид, Герман, АНУ-д ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь гартаа ажлаа аваад явж байна. Гэтэл Монголд ЭМЯ-ны хэлтэсийн дарга хамаг ажлыг үүрээд явж байна. ЭМЯ чадлаараа ажиллаж байгааг онцлох ёстой. Бид гадаад орнууд руу, урд хөрш рүүгээ хандах ёстой. Ингэж байж бид бэлтгэлтэй байна. Энэ асуудал магадгүй цаад тал нь жил хагас үргэлжлэх төлөвтэй байна. Энэ нөхцөл байдал ийм амархан намжихгүй.

Эрх мэдэлтнүүд гарч байгаа төрийн шийдвэр болгоноо эрдэмтэдтэй ярилцах ёстой. Эрдэмтдийн багийн зөвлөлийг үгийг сонсох нь хамгаас чухал. УИХ нь яаралтай хуралдаж энэ өвчний эсрэг тэмцэх хөрөнгө мөнгийг шийдэх ёстой. Бид цаг алдаж хэрхэвч болохгүй. Улаанбаатарт гэхэд улсын маань хүн амын 50 хувь нь аж төрж байна. Ийм учраас тун хурдтай шийдвэр гаргаж, алдаагүй ажиллах цаг нь ирлээ.

150 хятад иргэний асуудлыг түр хойшлуулах ёстой. Бид энэ асуудлын дараа Дарханы замаа сайхан барьж болно шүү дээ. 

Бичлэг үзэх: