Баянгол дүүргийн III хорооны нутаг, “Нарны хороолол”-ын хойно “Гранд слаб” компанийн барьсан 960 хүүхдийн суудалтай сургууль, 280 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгыг худалдан авах хөрөнгийг ирэх оны төсөвт тусгаж батлуулахаар болов. Иж бүрэн тоног төхөөрөмж бүхий дээрх сургууль, цэцэрлэгт тусгай зөвшөөрөл олгож, бүтэц, дүрмийг нь батлан, есдүгээр сараас ажиллуулж эхлэхийг салбарын сайдад даалгалаа.

Баянгол дүүргийн III хороо 13 мянга гаруй хүн амтай бөгөөд “Нарны хороолол” буюу Үйлдвэрийн төвийн бүсэд 5700 хүн амьдардаг. Үүнээс 4780 нь 0-18 насны хүүхэд юм. Сургууль, цэцэрлэгт “Нарны хороолол”, “Гранд вилл”,  “Цагдаа”, “Есөн эрдэнэ”, “Уран ган”, “Алтай” хотхоны хүүхэд, багачууд сурч, хүмүүжих боломж бүрдэж байна.

Засгийн газар “Анги дүүргэлт өндөр сургууль, цэцэрлэгийн ачааллыг бууруулж, гурван ээлжтэй сургуулийг хоёр ээлжинд шилжүүлэн, сургууль, цэцэрлэгийн эрэлт, хэрэгцээ өндөр хот, сууринд хөрөнгө оруулалт төвлөрүүлж, шинээр барих, өргөтгөх, засварлах чиглэлээр ажиллана” гэж үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан юм.