Отгонтэнгэр ууланд авирсан 27 иргэний 19 нь цасан нуранги үүссэний улмаас ор сураггүй болсон. Завхан аймгийн Онцгой байдлын алба, ОБЕГ-ын шуурхай аврах, эрэн хайх багууд эрэн хайх үйл ажиллагааг үргэлжлүүлж байна. Монголын мэргэжлийн уулчдын холбооны уулчид мөн эрэн хайх ажилд оролцож байгаа юм. 

Өнөөдөр 13.00 цагийн байдлаар сураггүй болсон иргэдийн дөрвийнх нь цогцсыг олсон байна. Эрэн хайх ажиллагаа маш хүнд нөхцөлд явагдаж буй бөгөөд аврагчид уулын бэлд машинаа үлдээн найман цагийн турш уул өөд авиран осол болсон газарт хүрч эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. Мөн цасан нуранги үүсч, цаг агаарын нөхцөл хүндхэн байгаа гэдгийг холбогдох байгууллагаас мэдээллээ.