Отгонтэнгэр ууланд авирсан 27 иргэний 19 нь цасан нуранги үүссэний улмаас сураггүй болсон талаар Улсын онцгой комисс болох Засгийн газрын гишүүд, ОБЕГ-ын удирдлагууд өнөөдөр шуурхай хуралдлаа.

Завхан аймгийн Онцгой байдлын албаныхан өчигдөр 14 цаг 30 минутад дуудлага хүлээн авсан даруйдаа эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн бөгөөд ОБЕГ-ын аврах, эрэн хайх баг өнөө өглөө 06.00 цагаас уулчид алга болсон ууланд эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. 

Эрэн хайх ажиллагааны явцад цасан нуранги үүссэн газарт очиход хүний ул мөр үлдээгүй байна.

Улсын тусгай хамгаалалттай тус ууланд авиралт хийхийг хуулиар хориглосон байдаг ба дээрх уулчид нь зөвшөөрөлгүй Отгонтэнгэр ууланд авирсан гэдгийг холбогдох мэргэжилтнүүд мэдээллээ.

Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.