Өнгөрсөн өдрүүдэд зарим нутгаар цас орж, цасан шуурга шууран, эрс хүйтэрч цаг агаарын нөхцөл байдал хүндрээд байна.

Үүний улмаас энэ сарын 1-ний өдөр Ховд, Увс аймаг, баруун аймгуудын нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, салхи 24 м/с хүрсний улмаас Ховд аймгийн Мөнххайрхан суманд 3 айлын гэр,  Увс аймгийн Бөхмөрөн суманд 1 айлын гэр нурсан, 1 айлын 1,600 орчим бог мал уруудаж алга болжээ.

Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг даргын Тамгын газрын 5 хүн, 1 автомашинтай шуурганд уруудсан малыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 1,520 малыг олсон тухай  мэдээллийг энэ сарын 2-ны өдрийн 23:00 цагт Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн байна.

Мөн Дорнод аймгийн Чулуунхороот сум (Эрээнцав)-ын Галуут багийн “Оросын худаг” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т/  тус сумын харьяат иргэн Б-гийн туслах малчин Дашбалбар сумын харьяат иргэн Д /25 настай, эрэгтэй/ энэ сарын 2-ны өдрийн 14.00 цагийн орчимд адуу хураахаар мориор яваад сураггүй алга болсон тухай мэдээллийг энэ сарын 2-ны өдрийн 18.27 цагт ОБГ-т хүлээн авчээ.

Тус сумын Засаг даргын Тамгын газрын 22 хүн, 4 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 23.55 цагт тус багийн “Галуут нуур” гэдэг газар иргэн Т-гийн малын хашаанд унтаж байхад нь эсэн мэнд олсон боловч тухайн иргэн морио унаад зугтсан байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.