Архангай аймгийн Булган сумын 3 дугаар багийн “Шар хунх” гэдэг газарт амьдардаг малчин Ж-гийн 4 ханатай гэр шатах үед тухайн айлд байсан Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын харьяат иргэн 15 настай эмэгтэй хүүхэд алга болсон ажээ.

Дуудлагыг 9.23-ны 20:57 цагт хүлээн авсан бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 6 алба хаагч, тус сумын цагдаагийн хэсгийн 1 алба хаагч, орон нутгийн 10 иргэн, ар гэрийн 6 хүн, нийт 23 хүн, 1 эрэлч нохой, 9 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.

Өчигдөр мөн дахин эрлийг эхлүүлж Булган сумын төвөөс Тусгал багийн “Тээлийн даваа”, Тамир багийн “Хар чулуут” гэдэг газар хүртэл нийт 50 км-т зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй аж. 

Харин өнөөдөр өглөө 7 цагт эрэн хайж байсан С охин Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багт оршин суудаг эмээгийнд эсэн мэнд ирсэн байна гэсэн мэдээллийг ээж нь мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон гэж ОБЕГ-аас мэдээллээ.