Өнгөрөгч баярын өдрүүд буюу өнгөрсөн сарын 30-наас энэ сарын нэгнийг хүртэл Хэнтий аймагт ширүүн шуурга болсоны улмаас төөрч, ор сураггүй алга болсон 18 хүнийг тус аймгийн онцгой байдлын албан хаагчид аварчээ. 

-“Приус-20” загварын суудлын автомашинтай иргэд сураг алдраад байсан билээ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн 47 настай Ү, Баянзүрх дүүргийн харьяат иргэн 38 настай Б, Хэнтий аймгийн Хэрлэн сумын харьяат иргэн 36 настай Б нарын гурван иргэнийг эрэн хайх ажиллагаанд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 8 алба хаагч, Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын 5 ажилтан, Биндэр сумын Засаг даргын Тамгын газрын 3 ажилтан, ар гэрийн 4 хүн нийт 20 хүн оролцсон байна.

Эрлийн баг Хэнтий аймгийн Тахилгат тосгон, Биндэр, Батширээт, Хурх сумдаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 12.30-ны өдрийн 11:40 цагт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг “Тахилгат тосгон”-оос хойд зүгт 7 км-т “Дух” гэдэг газраас эсэн мэнд олжээ.

Мөн тус аймаг малдаа яваад сураггүй болсон дөрвөн малчиныг эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.


-Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8 дугаар баг /сумын төвөөс хойд зүгт 4 км-т/ “Дөрвөлж толгой” гэдэг газар иргэн Ч /24 настай, эрэгтэй/, Ч /14 настай эрэгтэй/ 1 морьтой 16:00 цагт хониндоо яваад сураггүй алга болсон дуудлагыг 12.30-ны өдрийн 19:38 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан суман дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн 3 алба хаагч, ар гэрээс нь 3 иргэн, 1 автомашинтай 20:10 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 23:18 цагт “Шар хад“ гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.

Мөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Усан толгой“ гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 80км-т/ “Портер” загварын автомашинтай 1 том хүн, 2 хүүхэд 12.29-ний өдрийн 12:00 цагт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Дөхөмийн уурхай” руу явах замдаа цасанд суусан байна. Уг дуудлагыг 12.30-ны өдрийн 13:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтайгаар 13:55 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 12.30-ны өдрийн 20:18 цагт Дөхөмийн уурхайгаас иргэн Л /41 настай, эрэгтэй/, Х /8 настай, эрэгтэй/, Е /16 настай, эрэгтэй/ нарыг эсэн мэнд олсон байна.

-Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг “Мөнххаан уул” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 25 км-т/ иргэн С /25 настай, эмэгтэй/ 16:00 цагт хониндоо явган гараад сураггүй алга болсон дуудлагыг 12.30-ны өдрийн 20:54 цагт хүлээн авч тус аймгийн Мөнххаан сумын 5 иргэн, 1 автомашинтай 21:30 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 01:24 цагт “Эрээн хошуу“ гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийхэнд нь хүлээлгэн өгсөн.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг “Балим” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 60 км-т/ иргэн Н /38 настай, эрэгтэй/ 19:00 цагт хониндоо мотоцикольтой гараад сураггүй алга болсон дуудлагыг 12.30-ны өдрийн 23:54 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, ар гэрээс нь 1 иргэн, 1 автомашинтай 00:30 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

-Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баянцагаан 8 дугаар багийн нутаг “Хөхүүртийн бригад” гэдэг газар /сумын  төвөөс зүүн урд зүгт 25 км-т/ иргэн М-ийн “Паасаа” загварын автомашин 2 хүүхэд, 5 том хүнтэй, иргэн Э-гийн Пит загварын автомашин 5 том хүнтэй 12.30-ны өдрийн 19:00 цагт гараад сураггүй болсон байна. Уг дуудлагыг 12.31-ний шөнийн 02:06 цагт хүлээн авчээ. Ингээд Сүхбаатар аймгийн Түмэнцогт суман дахь Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 7 алба хаагч, ар гэрээс нь 1 иргэн, нийт 8 хүн, 1 автомашинтай 02:10 цагаас эрэн хайх, аврах ажиллагааг эхлүүлж 04:10 цагт Түмэнцогт сумын “Тарвагатай энгэр“ гэдэг газраас 12 иргэнийг эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

-Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумаас Матад сумын чиглэлд /аймгийн төвөөс урд зүгт 90 км-т/ иргэн П /57 настай, эрэгтэй/, П /45 настай, эрэгтэй/ нар суудлын автомашинтай 19:00 цагт гараад сураггүй болжээ. Уг дуудлагыг 12.30-ны өдрийн 00:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 03:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.

-Хэнтий аймгийн Мөрөн сумын Бүрээт баг “Чандманы Энгэр” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 15 км-т, сумын төвөөс урд зүгт, 15 км-т/ малчин У /12 настай, эрэгтэй/ 12.30-ны өдрийн 17:00 цагийн орчим малдаа гараад сураггүй болжээ. Тус дуудлагыг 12.30-ны өдрийн 19:18 цагт хүлээн авсан. Мөрөн сумын Тамгын газраас 5 хүн, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж “Чандманы Энгэр” гэдэг газраас урагш 10 км-ээс эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.

-Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жаргалант багийн нутагт “Аргалын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урагш 40 км-т/ иргэн У /35 настай, эмэгтэй/ 12.30-ны өдрийн 20:05 цагт Приүс загварын автомашинтай цасанд суужээ. Тус дуудлагыг 12.30-ны өдрийн 20:33 цагт хүлээн авч тус аймгийн Эрэн хайх, аврах салбарын 4 алба хаагч, 1 автомашинтай 4 км зам туулан очиж 22:30 цагт очиж 30 минут ажиллаж гаргасан байна.