Хүүхэд багачуудын унших дуртай  "Ач тусын тухай үлгэрүүд" цуврал жүжиг болон тайзнаа амилж байна.

Монгол хатдын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, онцлогийг хүүхдэд сонирхолтой, ойлгомжтойгоор бүтээл болгон туурвиж яваа “Альфа паблиш” ХХК энэ удаа цуврал бүтээлээ нэгтгэн “Эрдэнийн гэрэлт судар ба Мандухай охин” нэрт адал явдалт жүжгийг өргөн барьж байна.

Өгөөмөр охин Өэлүн, Тусч охин Бөртэ, Эрдэмт охин Сорхугтани, Сониуч охин Есүгэн, Цэцэн охин Мандухай гэсэн 5 дүрээс бүтэх “Эрдэнийн гэрэлт судар ба Мандухай охин " нэртэй хүүхдийн жүжиг  ирэх даваа гарагт буюу 10-р сарын 28-нд Монголын хүүхдийн ордонд нээлтээ хийх юм байна.

Монголын түүхэнд дэх хатдын бага нас хэрхэн өнгөрсөн бол? Энэ асуулт үргэлж сонирхолтой байсан ч хариулт нь түүхийн сурвалжид бага билээ. Тиймээс ч тэдний бага насыг уран сайхны сэтгэмжээр баяжуулан, ургуулан зохиомжилсон нь биеэ олж тайзнаа тавигдах гэж байна. 

Тус бүртээ ном болон хэвлэгдсэн зохиолч Э.Эрдэнэцэцэгийн эдгээр зохиолыг З.Сумъяабазар, Н.Ариунболд нар жүжгийн зохиол болгон найруулагчаар нь Н.Ариунболд ажиллсан байна. Мөн Монгол Улсын Морин Хуурын Чуулгын ерөнхий удирдаач Д.Түвшинсайхан жүжгийн хөгжмийг бичиж, ерөнхий зураачаар Б.Бат-Эрдэнэ, бүжиг дэглээчээр Т.Ганбаяр нар ажиллаж, “Алтан тайз” продакшны жүжигчид тоглох юм.