Жанжин Сүхбаатарын талбайн урд хэсэгт орших Хонхтой цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах асуудлаар холбогдох албаныхан өнөөдөр цахимаар мэдээлэл хийлээ.

Сүхбаатарын талбайн урд хэсэг хувийн хэвшлийн эзэмшилд шилжсэн байдлыг цуцалж, олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн болгож тохижуулах шийдвэрийг хотын Захирагч С.Амарсайхан гаргасан аж. Уг шийдвэрийн хүрээнд зураг төслийн уралдаан зарлаж, түрүүлсэн бүтээлээр  цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг эхлүүлэхэд бэлэн болжээ.

Хонхтой цэцэрлэгт хүрээлэн нь 1,6 га талбайг хамардаг бөгөөд 85 метрийн урттай 14 метрийн өргөнтэй хөгжмийн аялгуутай усан оргилуур, 800 кв.метрийн хэмжээтэй дугуйн талбайтай, хоёр нийтийн бие засах газар байгуулж тохижуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн Хот тохижилтын хэлтсийн дарга Б.Бямбадорж “Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Хот байгуулалт хөгжлийн газраас архитектур төлөвлөлтийн даалгавар, ажлын болон нарийвчилан төлөвлөгөөг гаргаад цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг эхлүүлэхэд бэлэн боллоо. Хонхтой цэцэрлэгт хүрээлэнг 20 жил засварлаж тордоогүй учраас шинэчилж засварлахаар боллоо” гэв.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын нийслэлийн Газар зохион байгуулалтын Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий “Сүхбаатарын талбайн урд хэсэгт 2006 оны А/215 тоот захирамжаар “UB констракн” компанид 2,5 га газрыг эзэмшүүлсэн байсан. 2019 онд уг газрыг эзэмших эрхийг хүчингүй болгож нийтийн эдэлбэр газар болгосон. Тухайн газрыг дүүргийн Засаг даргад, ашиглалтыг хамгаалах, тохижуулалт хийх ажлыг нийслэлийн Засаг дарга хүлээлгэсэн байгаа” хэмээлээ.

Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтыг ирэх зургаадугаар сарын 05-нд дуусгасан байх аж.

Сүхбаатарын талбайн Хонхтой цэцэрлэгт хүрээлэн