БОАЖЯ, Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол Улс дахь Япон Улсын Элчин сайдын яамдын дэмжлэгтэйгээр НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Лэтс трэвел” ХХК нар хамтран энэ сарын 15, 16 өдрүүдэд “Япон Соёлын Наадам 2018” арга хэмжээг зохион байгуулж байна. 

Арга хэмжээнд Япон улсаас “Софтбанк” групп, “SB Players”, “Табиризм” компаниуд хамтран зохион байгуулагчаар оролцож байгаа юм. Японы соёлын наадам Улаанбаатар хотноо 9 дэх жилдээ энэ сарын 15, 16-ны бямба, ням гарагт Д.Сүхбаатарын талбайд 11:00-17:00 цагийн хооронд зохион байгуулагдаж байна.

Япон соёл, Япон амт, Япон чанартай танилцах ЯПОНЫ НЭГ ӨДӨР” уриан дор зохион байгуулагдаж буй тус наадам Монгол, Япон хоёр орны ард иргэд, бизнесийн байгууллагуудын хооронд гүүр болох зорилготой.

Японы соёлын наадмын нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд оролцон баяр хүргэж, үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Өнөөдөр зохион байгуулагдаж байгаа энэхүү соёлын арга хэмжээ нь Японы үндэсний соёл урлаг, уламжлалт зан заншлыг нийлслэлийн иргэдэд сурталчлан таниулахаас гадна иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх зорилготой. Тиймээс иргэд та бүхнийг идэвхтэй оролцож, өдрийг байхан өнгөрүүлэхийг хүсье” хэмээв.

Наадмын үеэр Японы соёл урлаг, гар урлал, хөгжөөнт наадгай, тэмцээн, уралдаан, бараа бүтээгдэхүүн, амтат хоол зэргийг олон нийтэд сурталчлан танилцуулж, жинхэнэ “Япон амт, Япон чанар”-ыг иргэд, оролцогчидод мэдрүүлэх аж. Арга хэмжээнд Япон Улсаас 120 орчим урлаг соёл, бизнесийн байгууллагуудын төлөөлөгч нар оролцох юм байна. Мөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй боловсрол, худалдаа, урлаг соёлын байгууллагууд хамтран оролцож байна.

Тус арга хэмжээг үзэн сонирхохоор ирсэн хүмүүс Японы үндэсний тайко бөмбөрийн алдарт Индра хамтлагийн тоглолтыг үзэж, Япон кимоно өмсөж зургаа авхуулан, Японы үндэстний хоолыг амтлах, Японы мэргэжлийн үсчдээр үнэгүй үсээ засуулах, Япон хэлний сургууль, боловсролын төвүүдтэй танилцах зэрэг олон төрлийн хөтөлбөрт хамрагдаж, хонжвортой сугалаа, урамшуулалд оролцож цагийг үр дүнтэй, хөгжөөнтэй, завгүй өнгөрүүлэх боломжтой гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.