Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан хэрэгжүүлж буй “Цэвэр Агаартай хот” аяны хүрээнд хийгдэж буй Мөсөн хотхоны нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээний үеэр төв талбайн сүлд модны гэрэл асаах ёслол болсон юм. Арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, НЗДТГ-ын дарга Э.Содномжамц болон бусад холбогдох албаны хүмүүс, урлаг соёлын төлөөллүүд, иргэд олон нийт оролцов.

Нээлтийн үеэр 100 гаруй авъяаслаг залуус нэгдэж, “Цэвэр агаартай хот”-ын төлөө иргэн бүр нэгдэж, агаар орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэхийг уриалж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг залуусын дуу хоолойг нэмэгдүүлэх зорилгоор флаш моб толилуулсан нь олны анхаарлыг татсан юм. Мөн жанжин Сүхбаатарын талбайн мөсөн гулгуур нээлтээ хийж, тэшүүрийн тамирчид уран гулгалтын сонирхолтой үзүүлбэрүүдийг үзүүлж, урлаг соёлын салбарынхан уран бүтээлээ хүргэлээ.

Мөсөн хотхон нь насанд хүрэгсэд болон хүүхэд гулгах зориулалттай мөсөн гулгуурын талбай, гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл бүхий өвлийн олимпийн болон чөлөөт сэдэвт мөсөн баримлуудаас бүрдэж байгаа бөгөөд 12 дугаар сарын 31 хүртэл орой бүр 3D лазер шоуны үзүүлбэр толилуулагдах юм байна.

Өвөрмөц шинэлэг шийдэлтэй энэхүү мөсөн хотхоныг зураач, мөсөн гоёл урлаач, Д.Цэрэнбат нарын уран бүтээлчид бүтээсэн бөгөөд сар шинийн баяр хүртэл Улаанбаатар хотын төв талбайг чимэх аж.