Олон сая долларын шагналтай энэхүү хонжворыг хүртэнэ гэдэг аянганд нэргүүлэхээс ч ховор тохиолдол. Эсрэгээрээ хожсон хүмүүсийн амьдрал сүйрэх нь өглөөний шинэ талх худалдан авахтай л адил. Бат найдвартай гэж болно. 

Судалгаанаас үзвэл “Powerball” супер сугалаанд хожсон хүмүүсийн 70 хувийнх нь амьдрал долоон жилийн дотор сүйрсэн. Зарим нь бүр амь насаа алдсан юм. 

“Үр өгөөжгүй хөрөнгө: Сая, сая долларын сугалааны сүүдэр” номын зохиолч Эдуард Угел “Daily beast” сайтад өгсөн ярилцлагадаа “Миний мэдэх сугалааны хэдэн мянган ялагчийн маш цөөхөн нь л аз жаргалтай, сайн сайхан амьдардаг. Ялагчдын дийлэнх нь сугалаанд хожоогүй байсан ч болоосой гэж хүсдэг юм” хэмээсэн. Эдгээр азгүй ялагчийн нэг нь Абрахам Шекспир байсан ба таалал төгсөхөөсөө хэдхэн долоо хоногийн өмнө тэрбээр ээждээ “Сугалаанд ялаагүйсэн бол бүх зүйл сайхан байх байлаа” гэж байжээ. Ингээд олон сая долларын шагнал бүхий “Powerball”-ын сүүдэрт түүхийг өгүүлье.

Абрахам Шекспир: Шинэ найзынхаа гарт амиа алдсан

Шекспир 2006 онд 30 сая доллар хожиход гэрбүл болон найз нөхөд нь түүнээс мөнгө нэхэх болжээ. Үүний далимаар Дорис Моор гэгч эмэгтэй Шекспирийг түүнийг хүрээлж буй цөлмөгчдөөс хамгаалах нэрийдлээр дотноссон байна. Абрахам Шекспир 2009 онд сураггүй болохын өмнөхөн Дорис Моор түүнийг мөнгөө өөрийнх нь данс руу шилжүүлэхийг ятгажээ. 2012 онд Дорис Моорыг Шекспирийн амийг хөнөөсөн хэрэгт буруутгаж, насан туршийн хорих ял оноосон юм. 

Девид Ли Эдуардс: Таалал төгсөхийнхөө өмнө хүний ялгадас дунд амьдарч байсан

Девид Эдуардс 2001 онд хар тамхичин, гэмт хэрэгтэн, ажилгүй байхдаа “Powerball”-ын ялагч болж 27 сая доллартой болжээ. Тэр даруйдаа 1.6 сая долларын харш худалдан авч, уралдааны гурван морь, шилэн кабелийн компани, хувийн онгоц, 200 мянган долларын Ламборгини Диабло машин авсан байна. Гэвч удалгүй эхнэрийн хамт хар тамхинд эргэн орж, хэд хэдэн удаа шоронгийн хаалга татсан аж. Улмаар бүх мөнгөө мансууруулах бодисонд зарцуулж, нас баарх хүртлээ хүний ялгадсаар хүрээлүүлсэн агуулахад амьдарсан гэдэг. 

Жеффри Дампир:Бэр эгч нь буудан хөнөөсөн

Дампир Иллинойд байхдаа супер сугалаанаас 20 сая доллар хожиж гэр бүлийнхнийгээ мөнгө, эд баялагт умбуулжээ. Гэвч энэ бүхэн түүний бэр эгч Викториа Жексонд хангалтгүй байсан тул шинэ найз залуугийн хамт дүүгээ барьцаалж, дагзанд нь буудсан байна. Энэ явдал түүнийг сугалаанд хожсоноос долоон жилийн дараа болсон бөгөөд гэмт хэрэгтнүүд насан туршийн хорих ял авчээ. 

Урож Хан: Цианидад хордсон

Тэрбээр нэг сая долларын ялагч болсон ч нэг өдрийн дараа амиа алджээ. Чикагогийн 46 настай Урож Хан 2012 онд ялагч болсон. Мэргэжилтнүүд түүний цианидад хордсоныг тогтоосон юм. Энэ хэрэгт түүний бэр эгчийг буруутгасан ч хэн ч ял эдлээгүй байна. Ханы хонжвор болон эд хөрөнгийг бэлэвсэн эхнэр, охинд нь гэрээсэлжээ.

Майкл Кэрролл: Кокаин болон биеэ үнэлэгчдэд бүх мөнгөө зарцуулсан

Кэрролл 2002 онд, 26 настай байхдаа Их Британийн “Powerball” сугалаанаас 15 сая доллар хожжээ. Харамсалтай нь тэрбээр зугаа цэнгэл, биеэ үнэлэгч, мансууруулах бодис болон машинд мөнгөө үрсээр удалгүй юу ч үгүй болсон байна. Кэрролл саятан болоод дөрвөн жилийн дараа хар тамхи, танхайн хэргээр шоронгийн хаалга татсан юм.

Уильям III "Бад" Пост: Ахдаа хууртсан дүү

Пеннсилванийн “Powerball” сугалаанаас 16.2 сая доллар хожсон даруйдаа Уильям Пост автомашины зогсоол, ресторан, жолоодож чадахгүй ч онгоц худалдаж авсан байна. Харамсалтай нь нэг жилийн дараа гэхэд тэрбээр нэг сая долларын өрөнд оржээ. Дампуурал зарлаж сэтгэл санаагаар унасан үед ах нь дүүгээ хороолгохоор алуурчин хөлсөлсөн байна. Сугалаанд хожсон талаараа хожим нь “Энэ бол хар дарсан зүүд, би хэзээ ч ялагч болоогүй байсан бол” хэмээн санаа алдаж байж. Уильям Пост татварын ажилтан руу гал нээсэн хэргээр ял эдэлсэн юм. Тэрбээр 66 насандаа таалал төгсөхөөсөө өмнө ядуу хүмүүст хоол үнэгүй тараах хөтөлбөрт хамрагддаг байв. 

Жек Уиттакер: Золгүй нэгэн

Жек 57 насандаа “Powerball” сугалааны рекорд тогтоож, хожим нь архинд орсон нэгэн. Тэрбээр 2002 онд 315 сая доллар хожихоосоо өмнө 17 сая доллар хожсон байжээ. Уг нь Уиттакер сугалааны мөнгөнийхөө дийлэнхээр нь Христийн сүм барьж, бэлэн мөнгөнийхөө 10 хувийг Христийн сүмээр дамжуулан хандивласан. Түүнчлэн Jack Whittaker нэрээр сан нээж, нэн ядуу өрхүүдэд хувцас, хоол унд өгдөг байлаа. 

Гэвч удалгүй уруудах явц эхэлж, хулгайд нийт 700 мянган доллар алдаж, агсам согтуу тавьж баривчлагдсан. Архинд орсны улмаас эхнэр нь салж, 17 настай ач охиндоо 2100 доллар өгдөг болсон. Зээ охин нь найз залуугийн хамтаар хар тамхиа хэтрүүлэн хэрэглээд нас барсан. Охин нь ч шалтгаангүйгээр амь насаа алдсан. Хожим нь Уиттакер эхнэрийн хамт “Тэр тасалбарыг ураад хаячихсан ч болоосой” хэмээжээ. 

Эвелин Адамс: Хоёр удаа хожоод бүгдийг нь алдсан

Нью Жерсигийн оршин суугч Эвелин Адамс 1985, 1986 онд дараалан хоёр удаа сугалаанд хожсон. Гэвч аль аль тохиолд нь Атлантик Ситид очиж мөрийтэй тоглоод бүх мөнгөө алдсан байна. Үүний дараа Эвелин амьдралаа нэн ядуусын хорооллоос эхлүүлжээ. 

Билли Боб Харрел Жр.: Тархиа зад буудсан

Боб Харрел 31 сая доллар хожсон ч бүгдийг нь хоёр жил хүрэхгүй хугацаанд үрж дууссан. Хамаг л мөнгөө хандивлаж, ойр дотныхондоо зээлүүлсэн. Гэвч энэ сайхан сэтгэл нь өөрийн нь эсрэг босож эцэст нь хоосорчээ. Юу ч үгүй болсон түүнээс эхнэр нь салж хэсэг хугацааны дараа амиа хоролсон байна. Амиа хорлохоосоо өмнө тэрбээр “Сугалаанд хожсон нь миний амьдралд тохиосон хамгийн муу зүйл байлаа” гэжээ.