Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан: Асуудал ба шийдэл” хэлэлцүүлэг Туушин зочид буудалд болж байна. Хэлэлцүүлгийг АТГ, МҮХАҮТ хамтран зохион байгуулж байна. Өчигдөр боловсролын салбар дахь авлигыг хэлэлцсэн бол өнөөдөр ЖДҮХС-ийн үзүүлэлтүүд, энэ сан зорилгодоо хүрч чадсан уу зэрэг асуудлыг хөндөн хэлэлцлээ.

СЭЗДС-ийн багш, доктор Б.Эрдэнэдалай:

Дэлхийн банкны судалгааг танилцуулаад энэ мөнгөний хэмжээ жилээс жилд өсөх хандлагатай байна. Мөн бусад улс орнуудад бизнес эрхлэгчид улс төр рүү орох сонирхолгүй байдаг бол Монгол эсрэгээрээ УИХ-ын гишүүн болох сонирхолтой байдаг. Улс төрийн намуудын санхүүжилт, сонгууль нь өөрөө мөнгөнөөс асар их хамааралтай болчихсон нь энэ байдал руу түлхэх нэг шалтгаан болдог. Өнөөдийн байдлаар бизнес эрхлэгчид рүү хандсан зээлүүдийг УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий хүмүүс зарим тохиолдолд өөрсдийн компанийн нэр дээрээ ч авсан байна. Гэвч тэдэнд хүлээлгэх хууль эрх зүйн орчин, тооцох хариуцлага сул. Улс төрийн намууд энэ асуудал дээр хариуцлага хүлээлгэх тал дээр ямар ч сонирхол алга.

МУИС-ийн багш, доктор Б.Отгонтөгс:

Монгол Улсын нийт хүн амын 65-70 хувь нь ЖДҮ-ийн салбарт ажиллаж байгаа. ЖДҮ-ээр экспортын 5-6 хувийг бүрдүүлдэг. Бараг 900 мянган хүн энэ салбарт ажиллаж байна. ЖДҮХС-гийн зээлд 2009-2016 оны хооронд 754,5 тэрбум төгрөг зарцуулсан. Монголбанкнаас жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил, санхүүжилтийн байдалд хийсэн 2017 оны түүвэр судалгаанд 1850 жижиг, дунд үйлвэрлэгчдийг хамруулсан байна. Судалгаанд оролцсон ЖДҮ эрхлэгчдийг өмчлөлийн хэлбэрээр нь авч үзвэл дийлэнх хэсэг буюу 97 хувь нь дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд эзэлж байна. Харин гадаадын хөрөнгө оруулалттай 1 хувь, холимог өмчлөлтэй ЖДҮ эрхлэгчид 2 хувийг эзэлж байна. Үйл ажиллагааны төрлийн тухайд санал асуулгад оролцогчдын ихэнх нь буюу 74 хувь нь худалдаа болон үйлчилгээ, 13 хувь нь үйлдвэрлэл, 5 хувь нь хөдөө аж ахуй, 4 хувь нь барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа юм. Мөн ЖДҮ эрхлэгчдийг үйл ажиллагаа явуулж буй хугацаагаар авч үзвэл 14 хувь нь 1 жил хүртэлх, 19 хувь нь 1-3 жил, 19 хувь нь 3-5 жил, 23 хувь нь 5-10 жил, 25 хувь нь 10 дээш жил үйл ажиллагаа эрхэлж байна. ЖДҮ эрхлэгчдийн дийлэнх буюу 84 хувь нь 1-9 хүртэлх тооны ажиллагсадтай байдаг. Харин 13 хувь нь 10-49 хүртэлх тооны ажиллагсадтай бол 50-аас дээш тооны ажиллагсадтай ЖДҮ эрхлэгчид нийт оролцогчдын 4 хувийг тус тус эзэлж байна. Дээрх судалгааны дүнгээс үзвэл 500 саяаас нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой ЖДҮ эрхлэгчид цөөн байгаа юм. Тиймээс төрийн байгууллагын үйлчилгээг чирэгдэлгүй болгох, татварын таатай орчинг бүрдүүлж, ЖДҮХС-ийн үйл ажиллагааг шилэн болгох, зээл авахад шаардагдах хөрөнгийн барьцааг уян хатан нөхцөлтэй болгох, ЖДҮХС-г бие даасан агентлагт хариуцуулах шаардлагатай 

Баялаг бүтээгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр:2018 оны 6 дугаар сард бид энэ сэдвийг сөхөж байсан. Тэр үед зээл авсан 147 ААН-ийн нэр тодорхой бус байсан. Тэр байтугай ЖДҮ-ийг дэмжих форум дээр хүртэл УИХ-ын гишүүн  Д.Эрдэнэбат, Я.Содбаатар гишүүн хүртэл "Наад зээл авсан хүмүүсийнхээ нэрсээ ил гарга, та нар яагаад нуугаад байдаг юм бэ" гэж байсан. Гэтэл үзэмжээр шийддэг хэвээрээ. Бүх зүйл цаанаасаа зохион байгуулалттай явж ирсэн. 8 сард 515 төслөөс 82-ыг сонгон шалгаруулаад санхүүжүүлэх шийдвэр гарсан. 14 хоногийн дотор шүү. 8 сарын 23-нд зээлийн хорооны шийдвэр гарахад ерөөсөө ганцхан хоногийн дараа сайдын тушаал нь гарчихсан гээд бод доо. Тийм учраас энэ журмыг яаралтай шинэчлэн баталмаар байна