Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам өнөөдөр ээлжит мэдээллээ хийв. Өчигдөр хийсэн шинжилгээгээр 13 хүнээс коронавирус илэрч, манай улсад уг өвчний нийт 161 тохиолдол бүртгэгдлээ. Тэдний 43 нь эдгэрч, 118 нь ХӨСҮТ-д эмчлүүлж байна.

Харин дэлхийн хэмжээнд коронавируст халдвар 216 орон, бүс нутагт бүртгэгдэж, нийт 5.780.000 гаруй хүн өвчилж, 356.000 хүн нас баржээ. 2.480.000 хүн эдгэрсэн, одоогоор 2.900.000 хүн уг өвчний улмаас эмнэлэгт эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт шинээр 101.000 хүн коронавирусээр өвчилж, 5.000 гаруй хүн нас баржээ.

Мэдээллийн үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Манай улсын хувьд коронавируст халдвар гаднаас зөөвөрлөгдөн орж ирэх тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Иймд бид сонор сэрэмжээ өчүүхэн төдий ч бууруулж болохгүй. Учир нь өвчний ихэнх тохиолдол 2-3 дахь давтан шинжилгээгээр илэрч байна. 

Францын Леонийн их сургуулийн эрдэмтдын судалгаагаар хүн өдөрт 6-10 удаа гараа угааснаар коронавирусийн халдвараас 36-40 хувь хамгаалах боломжтой гэж үзжээ. Мөн Канадын Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн судалгаагаар хүмүүс 1.5-2 метрийн зайг тогтмол баривал коронавирусийн улмаас тус улсад өдөрт 150 хүн нас барахаас сэргийлнэ гэсэн дүгнэлт гарсан байна.

Тэгэхээр гараа сайтар савандаж угааж, амны хаалтаа тогтмол зүүж, хүн хоорондын зайг 1-1.5 метр байлгах, олон нийтийн газраар сэлгүүцэхгүй байх нь ач холбогдолтойг дэлхий нийтийн олон судалгаа батлан харуулж байна" хэмээлээ.