Судлаачид аз жаргалын талаар нийт 1155 хүнийг хамруулсан нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. Үр дүнд нь судалгаанд оролцогчдын 89 хувь нь аз жаргал бол удирдаж болдог зүйл хэмээн хариулсан байна. Ингэж хариулсан хүмүүс аз жаргалыг удирдаж болдоггүй, хувь тавилан гэж үздэг хүмүүсээс 32 хувь илүү аз жаргалтай байжээ. 

Судалгааны багийн ахлагч энэхүү үр дүнг "Хүмүүс эерэг үйл явдал болж, эерэг үр дүн гарахад өөрийгөө дөвийлгөдөг. Харин сөрөг зүйлстэй учрахад гадны хүчин зүйлсийг буруутгадаг" сэтгэлгээг судлахад хэрэг болсон гэжээ. 

Тэрбээр "Би аз жаргалыг удирдаж болно, болохгүй гэж боддог хүмүүсийн хооронд сэтгэлгээний тийм том ялгаа байна гэж бодоогүй. Харин энэхүү судалгаа нь аз жаргалтай хүмүүс өөрсдийн амьдралын зарим хэсгийг эерэгээр удирдахад суралцсан байдаг гэсэн бусад судлаачдын дэвшүүлсэн санааг батлах шиг болсон" гэжээ. 

Судалгаанд "Та аз жаргалаа удирдаж болно гэж боддог уу?" болон "Та өнгөрсөн он жилүүд дэх аз жаргалаа 1-10 хооронд хэдээр дүгнэх вэ?" гэж асуужээ.

Тийнхүү судалгаанд оролцогчид өөрсдийн аз жаргалын үнэлэмжиндээ тулгуурлагдан 3 бүлэгт хуваагдсан байна. 6 онооноос доош оноо бүхий хүмүүс нь 9-10 оноотой хүмүүсээс аз жаргалыг удирдаж болно гэж үзэх нь 5 дахин бага байжээ. Хүйсийн хувьд судалгаанд ямар ч ялгаа гараагүй бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүмүүс ялгаагүй 89 хувь нь аз жаргалыг удирдаж болно хэмээн хариулсан байна. 

Судалгааны багийн зүгээс хийсэн өөр нэг дүгнэлт нь өндөр боловсролтой хүмүүс аз жаргалыг удирдаж болно гэж үздэг гэнэ. Сонирхолтой нь гэвэл судалгаанд оролцсон хүмүүсийг нийгмийн статусаар нь харьцуулахад оюутнууд аз жаргалыг удирдаж болно гэж үзэх нь хамгийн бага үзүүлэлттэй байв.

Мөн судалгааны үр дүнд хувь хүний нас ихээхэн нөлөөлжээ. Аз жаргалаа удирдаж болно гэсэн бодол нь 40 орчим насны үед буурдаг бол хөгширөх тусам эргээд аз жаргалыг удирдаж болох юм гэсэн бодолтой болдог байна. Судалгаанаас үзэхэд аз жаргалын түвшин нь 18 наснаас буурдаг бол 47 насанд хамгийн доод цэгтээ хүрдэг гэнэ. Тэндээс дахин аз жаргалын түвшин өсч эхэлдэг байна. Тус үр дүнтэй адил аз жаргалыг удирдаж болно гэх бодол ч 40 орчим насны үед хамгийн доод цэгтээ хүрдэг аж.


Эх сурвалж: Good News Network