Шинэ коронавируст халдварын нөхцөл байдал, түүнтэй холбоотой судалгаа, шинжилгээний талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр ЭМЯ-ны Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн "Өнөөдрийн байдлаар ДЭМБ-д бүртгэгдсэнээр коронавирусийн эсрэг вакцин бүтээх 186 судалгааны ажил явагдаж байна. 

АНУ-ын Пинсилван мужийн анагаахын сургуулийн эрдэмтэд эмчийн жоргүйгээр эмийн сангуудад зарагддаг хамар болон ам зайлагчийн коронавирусийг устгах чадварыг судалсан байна. 30 секунд, нэг минут, хоёр минутын хугацаанд ам, хамраа зайлах үед вирусийн хэдэн хувийг устгаж байгааг харьцуулан үзжээ. Ингэхэд 30 секундын турш зайлахад 99,9 хувийг устгасан үр дүн гарсан байна. 

Иймд гэрийн нөхцөлд ам, хамар зайлагч нь вирус устгах үр дүнтэй бөгөөд 30 секунд хэрэглэхэд хангалттай гэж эрдэмтэд үзжээ" хэмээлээ.

Монгол Улсад Улсын онцгой комиссын шийдвэр, Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу коронавирустэй холбоотой эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг удирдан зохион байгуулах ажлын хэсэг ажиллаж буй бөгөөд өнөөдрийн байдлаар судалгааны 11 ажил хийгдэж байна.