Түүнийг С.Цэрэндолгор гэдэг. Amazon компанийн Япон дахь салбарын хүнийн нөөцийн мэргэжилтнээр ажилладаг. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө эх орондоо ирээд буцсан юм. Энэ хугацаандаа  Hub Innovation Center-т залуустай уулзаж Amazon компанийн шинэ ажилтнууддаа тавьдаг шалгуур, CV-гээ хэрхэн бичиж өөрийгөө илэрхийлэх талаарх туршлагаасаа хуваалцсан юм.


-Чухам яагаад Япон улсад суралцахаар шийдсэн талаараа манай уншигчдад хуваалцахгүй юу?

-Би Эрдэнэтийн унаган хүүхэд. Тэндээ “Эрдэмийн сан” хувийн дунд сургуулиа төгсөөд МУИС-ийн ОУХС-д орсон. Сурагч байхаасаа нийгмийн идэвхтэй, сурахын хажуугаар англи хэлний клубын залууст хичээл заан, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн залуучуудад хандсан үйл ажиллагаанд олон жил оролцсон. Нэгдүгээр курсдээ Японд болсон Зүүн хойд Азийн залуучуудын байгаль орчны сүлжээний чуулга уулзалтад оролцсон юм. Анх удаа хөл тавьсан Япон улс маш их таалагдсан. Хот нь цэвэрхэнээс гадна оюутны хотхон нь эмх цэгцтэй, маш гоё зохион байгуулалттай юм билээ. Тэндээс ирээд л ээж аавдаа Японд сурахаар шийдлээ гэдгээ хэлсэн. Берклигийн их сургуульд сурахаар шийдчихсэн байсан учраас тэд маань гайхсан ч миний талд орсон. Ирээд Рицумейкан Ази номхон далайн их сургуульд тэтгэлэгтэйгээр суралцсан.


-Ажлын анхны гараагаа хэрхэн эхэлж байв?

-Сургуулиа төгсчихөөд үргэлжлүүлж сурах уу эсвэл, ажиллах уу гэж дээр нэлээн бодсон. Тэр хоорондоо Монголдоо ирээд НҮБ-ын төсөл дээрээ ажиллалаа. Бодож байгаад ерөөсөө 6 жил сурсан юм чинь ажиллаж үзэхээр шийдээд CV-гээ 2 ч газар өгсөн чинь тэнцчихсэн. Ингээд HAYS-олон улсын хүний нөөцийн компанид ажилд орсон.


-Тэгвэл “Амазон”-оос ямар түүхээр ажлын санал хүлээн авч байв?

-Анх “Амазон”-оос мэйл ирсэн. Тухайн үед спам ч юм болов уу гэж бодоод нээтэл ажлын ярилцлагад орох санал байв. Мэйлдээ “Таныг танихгүй ч гэсэн олон  хүнээс сонссон гээд одоогийн ажилдаа тушаал дэвшээд амжилттай явааг чинь ойлгож байна. Бид шууд өнөө маргаашдаа ажлаа соль гэж хэлэхгүй, ярилцлага өгөөд үзэхийг уръя” гэсэн байв. Нэг хэсэг орхичихсон байснаа, ер нь хүний нөөцийн компанид гурван жил ажиллачихлаа, өөрийгөө сориод үзье гэж бодсон. Ингээд 7 хоногийн дараа мэйл бичээд ярилцлагад нь орж байлаа. Ар араасаа маш олон шат дараалалтайгаар, бараг 5 удаагийн ярилцлага авсан. Тухайн үед google-д бараг зэрэг шахам ажлын санал авсан ч “Амазон”-ыг сонгосон. Үнэндээ үнэт зүйлс, зарчим нь таалагдаж байсан учраас гэрээг нь сүртэй уншаагүй.


-Google, Amazon бол хоёулаа дэлхийн технологийн шилдэг компаниуд. Чухам юуг нь онцолж “Амазон”-ыг сонгосон бэ?

-Google-ийн суурь бизнес нь хайлтын систем, дагуул хэд хэдэн бизнес бий л дээ. Харин “Амазон”-ы хувьд алсын хараа, ажилчид нь баримталдаг зарчим, олон төрлийн салбарт хөгжүүлж буй бизнес нь маш их таалагдсан. Би орохоосоо өмнө үүнийг нь судалчихсан байсан. Мөн Амазоны ажилтан бүр баримталдаг 14 зарчимтай танилцсан. Үүнийг хэрвээ хүн бүр ойлгож хэрэгжүүлдэг бол ч, энэ компани урагшилж дэвжих нь аргагүй юм байна гэж бодсон.

Amazon байгуулагдсан цагаасаа одоог хүртэл үйлчлүүлэгчээ эрхэмлэж, бизнес нь үйлчлүүлэгчийн хүсэл эрэлтэд тулгуурлаж ирсэн. Тийм ч учраас тэрхүү 14 зарчмын эхэнд нь Customer obsession буюу нэг ёсондоо хэрэглэгч хаан гэсэн зарчим бий.

Amazon-ий захирал Жеф Бизос "Аль хэлтэсийн ажилтан хэн ч бай хамаагүй, өөрийн үйлчлүүлэгчийн төлөө бүхнийг сэтгэж хийх хэрэгтэй" гэж захьдаг. Би гэхэд “Амазон”-ы худалдааг хариуцсан, маркетингийн хүн биш. Хэдийгээр хүний нөөцийн хүн ч гэсэн миний хэрэглэгч буюу customer бол хэлтсийн дарга нар, ажилд авч байгаа хүмүүс, харилцагч агентлагууд зэрэг хүмүүсээ бодох ёстой.

Бас нэг таалагддаг зүйл нь аливаа ажлыг хийхдээ хялбарчилж, тэрхүү санаагаа багийнхандаа хуваалцах Мөн өөрийн гэсэн бодолтой байхыг хүндэтгэдэг. Уламжлалт Японы компаниудын ажилтнууд дотогшоогоо талдаа, хүний өөдөөс тэр бүр санал зөрж үг хэлээд байдаггүй. Харин “Амазон”-д дарга, цэрэг аль нь ч бай,өөрийн бодол санаагаа хэл,  хэрэв санал зөрсөн бол түүнийгээ хамгаал гэдэг. Тэгвэл хүмүүс жинхэнэ сайн ажилтан гэж дүгнэнэ гэсэн зарчим бий.Үүнийг бүх ажилтан нь дотроо бодож чин сэтгэлээсээ ажлаа хийдэг юм билээ. Энэ бүхнийг уншаад “Амазон”-д орохоор шийдсэн.


-Тэгвэл олон улсын компанид СV өгөхдөө юу анхаарах ёстой вэ, залууст таны зөвлөгөө маш үнэтэй завлөгөө болно гэж бодож байна?

-Зарим хүмүүс CV-гээ баяжуулахын тулд хэт урт болгож сунжруулдаг. Бүр presentation маягаар дотроо маш их графиктай хийдэг. Гэтэл үнэндээ өдөртөө хэчнээн зуун хүний CV хардаг хүний нөөцийн ажилтнуудад түүнийг нь тухтай, нэг бүрчилж харах зав хомс. Тиймээс нүдэнд өртөхөөр чамбай, цэгцтэй, ойлгомжтой бичсэн, хоёр нүүр СV бичих чухал.

Ажлаа бичихдээ хамгийн сүүлд хийж байгаа ажлаа эхэнд нь, анхны ажлаа хамгийн сүүлд нь бичээрэй. Ингэж бичихдээ тухайн компанид хэдээс хэдэн онд, ямар ажил хийснээ оруулна. Нэмээд доор нь өөрийнхөө гаргасан хамгийн том амжилтаа бичихэд болно. Энэ үзүүлэлт хүний анхаарлыг маш их татдаг юм.

Хэзээ ч орхигдуулж, анхаарахгүй орхиж болохгүй зүйл нь үг үсгийн алдаа. Маруухан англи хэлтэй хүмүүс Google translate эсвэл таньдаг хүнээрээ бөглүүлсэн нь шууд анзаарагддаг. Харахад дүрэм нь буруу, үг үсгийн алдаатай СV эзнээ аливаад хэр сэтгэлээсээ ханддагийг шууд илчилж орхидог учраас хянамгай хандаарай. Хамгийн сүүлд хэл эсвэл компьютерийн гээд ямар чадвартай гэдгээ товч бөгөөд тодорхой бичихэд болно.

Мэдээж дээр нь нэрээ томоор, доор нь холбогдох утсаа үлдээнэ. Иймэрхүү товч хэлбэрээр бичвэл хүнд маш ойлгомжтой байдаг. Нэмээд хэлэхэд ажлын байрны шалгуурыг зарлахад олж уншаад тэр дундаас надад яг аль чадвар нь байна вэ гэдгийг өөрөөсөө асуугаарай. Түүнийгээ онцолж бичиж болно. Тэгвэл мэдээж тухайн ажилтан анхаарч харна.


-Та өөрөө ч гэсэн “Амазон”-д орохдоо CV-гээ энэ шалгуурыг хангаж өгсөн байх нь?

-Намайг ямар шалгуураар авсныг миний CV-г уншсан хүн л мэдэх байх. /инээв/ Би хувьдаа өмнөх асуултад дурьдсан шиг хоёр хуудас маш товч, тодорхой 2 хуудас CV  бичсэн. Үг үсгийн алдаагаа ном хэвлэх гэж байгаа юм шиг нарийн хянасан. 


-“Амазон”-д өдөрт хэдэн хүний CV ирдэг бол, өдөр тутмыг ажлаа хэрхэн зохицуулдаг вэ?

-Манай Япон дахь салбарт гэхэд жилд 800-1000 хүнийг ажилд авдаг.

 Арга ч үгүй байх, Японд гэхэд 6000, дэлхий дахинд 600 мянга шахам ажлын байртай учраас. Өмнө нь ажилладаг компанидаа өдөр болгон завгүй, ажил ихтэй гэж боддог байлаа. Гэтэл “Амазон”-д орсон чинь бүр ч завгүй болчихсон. Хамгийн хэцүү нь тэр их ажлыг богино хугацаанд зохицуулж сурах. Эхэндээ амар байгаагүй. Ажлаа амжуулж сурахын тулд нэг хэсэг нэлээн гүрийсэн. Өдөр болгон хамгийн түрүүнд мэйлээ шалгаж, хариулдаг. Гэхдээ мэйлдээ хариулаад байвал хамаг цаг нэг мэдэхэд өнгөрчих учраас чухал, яаралтай амжуулах ажлаа хийдэг. Бас хажуугаар нь хэлтэсийн дарга нартай уулзаж дараагийн хүнээ авах стратегиэ ярилцана, авсан хүн нь тааруухан байвал яаж сайжруулах талаар хуралдан ярилцана, уулзалтад орно, үүнийхээ хажуугаар “Амазон”-оо сурталчлах ажилд оролцоно. “Амазон” Японд гурван ч том байртай. Хэрэв оффисуудын дунд уулзалт болвол маш их цаг алдах учраас аль болох өөрийн оффистоо дуудаж уулздаг. 

Мэдээж үндсэн ажил болох тэр олон мэйлийг нэг бүрчлэн, маш хянамгайгаар нарийвчилж шалгадаг. Дунд нь маш сайн, бидний хайж байгаа мэргэжилтэн байх магадлалтай учраас. Тэр ганц сайн хүнийг олохын тулд хүний нөөцийн баг өөрсдөө маш сайн ажиллах шаардлага гардаг. Тухайлбал гадуур нэр хүндтэй хүмүүстэй уулзаж, тэдний санал болгосон хүмүүстэй уулзана, агентлагуудтай холбогдох гээд олон аргаар хүний нөөцөө бүрдүүлдэг. 


-Дэлхийн томоохон компаниуд хүний нөөцөө бүрдүүлэхдээ ямар асуултууд голдуу тавьдаг вэ?

-Өмнө нь богино хэмжээний хариулт өгөхөөр асуулт асуудаг байсан. Харин одоогийн компаниуд тухайн хүний зан авирыг таньж мэдэх асуултууд олон тавьдаг болсон. Жишээ нь “Маргааш дуусгах ёстой төсөл дээрээ багаараа ажиллаж байлаа гэж төсөөлөе. Тэгвэл та энэ үед ямар хүнтэй яаж харилцаж, ямар даалгавар өгөх вэ” гэх зэргээр нөхцөл байдлыг нь гаргаж бодлого маягийн кэйсүүд гаргаж асуудаг. Ийм нөхцөлд ярианы чадвар, сэтгэлгээ сайтай хүмүүс хурдан сэтгээд хариулчихдаг бол зарим хүмүүс хариулж чаддаггүй. 


-Сонирхоод асуухад “Амазон”-д монгол хүнээс CV хэр их ирж байсан бэ?

-CV дунд Азийн орнуудаас нэлээн харагддаг. Тэр дунд мэр сэрхэн монгол хүний CV гараад ирвэл баярлаж олзуурхана, болж өгвөл оруулчих юм сан гээд л... Гэхдээ би хариуцлагатай ажил хийдэг учраас монгол хүн гээд шууд авчихаж болохгүй. Хэд хэдэн хүнтэй холбогдсон ч зарим нь эхний шатанд тэнцээд эсвэл ярилцлагын дундаас тэнцээгүй удаа бий. Эсвэл хэлний мэдлэг, CV хангалтгүй гэсэн шалтгаанаар буцаагдсан учраас одоохондоо монгол хүн авч чадаагүй байна. 


-Америк дахь төв оффистоо, эсвэл эх орондоо ажиллах бодол бий юу?

-”Амазон”-ы давуу тал нь өөрөө тэрхүү шалгуурыг нь хангаж чадвал бусад салбарууддаа ажиллаж болдог. Яваандаа АНУ-ын Сиатл дахь төв оффист ажиллах бодол бий. Гэхдээ бас Япондоо хийх зүйлээ хийж, өөрийн гэсэн хувь нэмрээ оруулчихаад энэ талаар бодно.  Дараа нь Монголдоо хүний нөөцийн чиглэлээр ажиллая, өөрийн гэсэн хувь нэмрээ оруулна алсын зорилго бий. 


-“Амазон” ажилтнуудынхаа амжилтыг яаж дүгнэдэг вэ?

-Жил болгон ажилтнуудынхаа review-ийг хийдэг. Үүнд хүн өөрийгөө яаж тодорхойлохоос гадна хамт мөр зэрэгцэн ажиллаж байгаа хүмүүс бусад хэлтэсийнхэн үнэлдэг.  Хариуцсан менежер нь цаг гаргаж бүгдийг нь нэгтгээд тухайн хүнийг дуудан уулзахдаа “Ингэж дүгнэсэн байна” гэж дэлгэрэнгүйгээр нь танилцуулдаг.  Хэрвээ сул талыг нь дурьдсан бол энэ тал дээр анхаарах ёстой юм байна гэдгийг хэлнэ. Ингэж байж тухайн хүн бүрийг хөгжүүлдэг.  Тухайн хүний хувьд ч өөрийнхөө талаар чиг баримжаатай болчихож байгаа юм. Зарим менежерүүд тухайн ажилтандаа ийм ажил хий гээд даалгачихдаг. Ажилтныхаа хүсэл сонирхлыг нь анзаарахгүйгээр, хэрэв дургүй зүйлээ давтаад хийгээд байвал тухайн хүн уйдаж ажлаа солиж ч магадгүй. Ийм байдалд оруулахгүйн тулд чамд яг юу хэрэгтэй байна гээд тусад нь уулзаж санал бодлыг нь сонсдог. Энэ хэлбэрээр харилцан ярилцаж, тухайн хүнээ эрхэмлэх нь ажилтан “Амазон”-д үргэлжлүүлэх үлдэх шалтгаан болдог юм шиг санагддаг.  

-Нууц биш бол өөрийг тань юу гэж тодорхойлсон байдаг бол?

-Яг болохгүй байгаа зүйлийг нь маш сайн олж хардаг нь сүүлийн үр дүн эерэгээр гарахад нөлөөлдөг, олон зүйлийг нэг дор амжуулах чадвартай, итгэл даадаг гэсэн байсан. Би хамт ажиллаж, амьдралынхаа ихэнх цагийг өнгөрүүлж байгаа хүмүүстэйгээ сайн харилцахыг хичээдэг, анхаарч ажилладаг

-Орчин үеийн ажлын байр шаардаж буй гол шалгуур, ур чадвар дурьдвал?

-Мэдээж мэргэжлийн ур чадвар, ерөнхий мэдлэг чухал. Үүнээс гадна зөөлөн чадваруудыг харж үздэг. Жишээ нь хүнтэй харилцах чадвар маш чухал. Үүний дараа багаараа ажиллах чадвар, багаараа ажиллахад бусдынхаа итгэлийг дааж чадах эсэхийг, юмыг детальчилж харж чаддаг эсэх, сурах хүсэл эрмэлзэл, үр дүнд суурилсан хүн мөн үү гэдгийг хардаг. Хүн мэргэжлийн чадваруудыг сурчихаж болох ч харилцаа хандлагыг өөрчлөх амар биш.  Ямар гэр бүл, ааш зантай хүмүүсийн дунд өссөнөөс эхлээд хүн бүрийн хандлага өөр болж төлөвшдөг учраас. 

Орчин үед ганц англи хэлтэй бол хангалттай биш болчихоод байна. 

Дор хаяж хоёр хэлний мэдлэгтэй байхыг ажлын байр шаарддаг болжээ. Заримдаа ажлын байраасаа шалтгаална. Зарим ганц, хоёр хэлтэс инженерүүд авах учраас англи хэл л байхад хангалттай гэдэг. Ихэнх нь хоёр хэлтэй байхыг шаарддаг. Эдгээр шалгуурыг хангаж чадвал ажилласан туршлага  бага байсан ч өсөх ирээдүйтэй гэж үздэг. 

-Залууст хандаж юу зөвлөх вэ?

-1. Залуу хүн хамгийн чухал нь мөрөөдөлтэй, зорилготой байх ёстой гэж боддог. “Амазон”-д баримталдаг 14 зарчим бий. Үүний нэгэд нь “Томоор сэтгэ” гэж бичсэн байдаг. Тийм учраас тухайн хүнийг ажилд урихдаа, ярилцлага авахдаа томоор сэтгэж байгаа эсэхийг нь шалгадаг. “Өөрийгөө айлгах хэмжээний хүртэл мөрөөдөлтэй бай” ч гэж үг бий. Энэ бол биелэхгүй зүйл биш, гоё мөрөөдлөө сэтгэлдээ тээн зорьж яваад биелүүлсэн, биелүүлэхийн төлөө зүтгэж байгаа хүн олон. 

2. Өдөр бүр шинээр сур, өөрийгөө хөгжүүлэхийг хичээгээрэй. Хүн өөрийн үндсэн хийж байгаа ажлаас гадна өөрийгөө олон төрлөөр хөгжүүлэх нь чухал. Зөвхөн мэдлэг боловсруулаад зогсохгүй, би бялдараа ч хөгжүүлж болно. Нийгэм хөгжиж байгаа учраас түүндээ хөл зэрэгцэхийн тулд сурахаас өөр сонголт байхгүй.

3. Өөрийгөө бусадтай бүү харьцуул. Зарим хүмүүс тэр тийм байхад… гэж боддог. Үүнээсээ болоод сэтгэл санаагаар хямарна. Ингэж өөрийгөө голох ямар ч шаардлага байхгүй. Тухайн хүнд ямар ч боломж олдоод, тэр зүйл нь чухал санагдаад хийсэн хийсэн байж болох юм. Тэгвэл чиний хувьд юу чухал вэ? Түүнийгээ зорилго болгоод хэрэгжүүлээд яваарай.

4.Бүх зүйлийг амжуулахыг хичээгээрэй. Зарим хүн ажил гэсээр гэр бүлээ, найз нөхдөө, эрүү мэндээ орхигдуулдаг. Хэрвээ ажил амьдралын балансаа тэнцвэржүүлж сурвал амьдрал илүү сонирхолтой. Би хамт ажилладаг Япончуудаа эртхэн харь, компьютерээ унтраа гэдэг. /инээв/ Хэтэрхий их ажилладаг хүмүүс шүү дээ. Ажил амьдрал тэнцвэртэй байна гэдэг стресс багатай, өөртөө сэтгэл хангалуун амьдрах шалтгаан шүү дээ.

5. Тууштай байгаарай. Амьдралд хүн янз бүрийн бэрхшээлтэй учирдаг. Тэр замд яаж уруудаж, уналтад орсон ч ямар нэгэн байдлаар хичээгээд л явахад нэг өдөр л бодож явсан зүйлдээ хүрдэг. 


-Томоохон компанид ажиллаж байхад монгол хүн бусдаасаа юугаараа бусдаасаа ялгаатай санагддаг вэ?

-Монгол хүн нэг зүйлд төвлөрөөд, тэр хайрцагаасаа гарахгүй сууна гэж байхгүй. Бусад зүйлээ зэрэг амжуулах чадвартай. Манайхан суусан газраасаа шороо атгана гэж ярьдаг шүү дээ. Бас ой тогтоолт сайтай гэж боддог, ялангуяа хэл сурах тал дээр. Эндээс “Коничива”-гаас өөр үг мэдэхгүй явж байлаа. Азийн орнууд тэр дундаа солонгос, хятад орны оюутнууд ханз мэддэг учраас хэл сурахад илүү дөхүү байдаг ч шалгалт өгөхөөр монголчууд илүү оноо авчихдаг, сайн сурдаг. Бас дуудлагын хувьд ч монгол хүмүүс цэвэрхэн ярьж чаддаг гэж уулзсан хүмүүсээсээ сонсож байсан. Би үүнтэй ч санал нийлнэ. Соёлын хувьд ч бид бусадтай нээлттэй, соёлтой харилцаж чаддаг. Азийн орны хүмүүс өөртэй нь ярилцахгүй бол дуугүйхэн сууж байдаг бол манайхан шууд л танилцаад яриа үүсгээд явчихдаг. Мэдээж барууныхан бол өөр л дөө. Найзлаж нөхөрлөсөн хүнийхээ ч итгэлийг ч дааж чадна гэд давуу тал олонтой. Гэхдээ түүндээ бардаад яваад байж болохгүй. 

-Анх Японд очиход бэрхшээлтэй зүйл хэр их тохиолдож байсан бэ?

-Оюутан байхдаа хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийдэг байсан. Хуримын ёслолд үйлчилдэг ажил гэхэд маш олон цаг зогсоно, хэдий намхан гутал өмссөн ч гэсэн хөлийн тавхай өвддөг юм билээ. Заримдаа хорсож өвдвөл шаахайгаа сэмхэн тайлаад хананд үрж ч байсан. /инээв/ 

Япон хэл сайн сураагүй байхдаа нэг эмээд загнуулаад дараа нь ээжтэйгээ яриад уйлсан ч удаа бий. Иймэрхүү бэрхшээлүүд зөндөө гарна. Гэхдээ хүний амьдрал дандаа бэрхшээлтэй байдаггүй. Үүнийг өөртөө сануулаад зоригжоод явдаг. Хүн бүх зүйлийг бага багаар л сурдаг шүү дээ, хүн бүхэн л мэднэ. Заримдаа хэт хурдан өссөн зүйл амархан унадаг. Бага багаар урагшилсан зүйлдээ хүн улам ихээр урамшина, бас дарамт стрессгүйгээр бат өгсөнө гэж боддог.


-Ямар үед өөрөөрөө бахархах сэтгэл төрж байсан бэ?

-Мэдээж одоо ажиллаж байгаа ажлаараа бага их хэмжээгээр бахархдаг. Өөрөө өөртөө хамгийн их бахархаж байсан зүйл гэвэл бакалавр, магистраа хамгаалахдаа хоёуланд нь хамгийн өндөр голчтой оюутнаар шалгарсан маань. Олон орны оюутнууд дундаас Монгол хүн гэж зарлуулаад сургуулийнхаа деканаас дипломоо гардан авч байлаа. Бас уригдан үг хэлсэн.

-Хэрэв энэ их ажлын хажуугаар амсхийх зав гарвал юу хийх вэ?

-Би аялах л дуртай. Байгальд гарч, түүхэн дурсгалын газраар явж үзэх хамгийн сайхан. Тэр үед эх дэлхий, байгаль ямар сайхан юм бэ, энэ бүхнийг үзээд явна гэдэг л амьд явж байгаагийн учир утга  юм байна боддог. Түүнээс биш тэр дарга болсон учраас би заавал гэж барьцах нь утгагүй санагддаг. Хүн өөрөө өөртөө сэтгэл хангалуун, хийж байгаа зүйлдээ баярлан, аз жаргалаа тэндээс олж авна гэдэг л хамгийн сайхан.