Судлаачдын үзэж буйгаар шинжлэх ухаан, технологийн салбар дахь жендэрийн ялгаа нь охидын суралцах онцлогтой холбоотой байх магадлалтай гэнэ.

ЮНЕСКО-ийн шинэ судалгаагаар, STEM (шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик) салбарт охид, эмэгтэйчүүдийн эзлэх хувь бага байгааг судлажээ. Судалгааны дүнд цөөн тооны охид л STEM салбарт карьераа хөгжүүлдэг нь тэд математикийн хичээлдээ хөвгүүдээс таарууд биш, харин унших хичээлдээ илүү чадвартай холбоотой гэжээ. 

Нийт 64 орны 300 гаруй мянга гаруй 15 настнуудын дунд хийсэн судалгаагаар хөвгүүд математикийн шалгалтдаа охидоос ялимгүй илүү байсан аж. Харин охид унших шалгалтдаа хөвгүүдээс эрс дээгүүр байр эзэлдэг болохыг тогтоожээ. 

Тухайлбал, “Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага”-ын (OECD) олон улсын сурагчдын үнэлгээний судалгаагаар охид, хөвгүүдийн математикийн дүнгийн зөрүү ердөө 10 хувьтай байсан бол унших шалгалтын зөрүү түүнээс хэд дахин илүү гарсан юм. Энэ ялгаа нь охид илүү хүмүүнлэгийн шинжлэх ухаантай холбоотой сэдэв судлах сонирхолтой болж, математиктай холбогдох салбарт суралцах нь багасаж байгааг харуулж байгаа юм. 

Судалгааны дүнгээс харахад сурагчдын ямар шийдвэр гаргахаас хамаарч өргөн хүрээний боловсролын зөрүү гарчээ.

STEM салбарын судалгаанд гарсан жендэрийн зөрүү нь 80 хүртэлх хувьд хүрч магадгүй байна. Парисын Эдийн засгийн сургуулийн эдийн засагч Томас Бреда болон Парис-Дофины их сургуулийн Клотилде Напп нарын бичсэнээр "Математикийн чиглэлээр суралцах эрмэлзэлтэй хүүхдүүдийн жендэрийн зөрүү 80 хувь байгаа ба энэ зөрүүг 15 настай сурагчдын математикийн болон унших чадварын ялгаа тайлбарлаж чадна" гэж бичжээ. 

ЮНЕСКО-гийн гаргаснаар 2017 онд дээд боловсролын төвшний STEM оюутнуудын дөнгөж 35 хувийг эмэгтэйчүүд эзэлж байсан байна. 

Түүнчлэн энэхүү шинэ судалгаа нь охидын математикийн чадварын талаарх буруу ойлголтыг арилгахад туслахаас гадна, охидын STEM салбарт суралцах хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлж, тэдэнд ч мөн адил энэ салбарт ажиллах боломжтой гэдгийг ойлгуулах ач холбогдолтой гэж эдийн засагчид үзэж байна. Үүнтэй адилаар, хөвгүүдэд ч унших бичих салбарт суралцахад илүү дэмжлэг болно гэж үзэж байгаагаа хэлжээ.

Гэсэн хэдий ч, STEM салбарт эмэгтэйчүүдийн төлөөлөл цөөн байгаа нь тэдэнд үлгэр дууриалал үзүүлэх хүмүүс, боловсролын дэмжлэг хомс зэрэг нийгмийн олон хүчин зүйл нөлөөлж байгааг онцлон хэлсэн билээ.


Д.Нарантуяа