Улаанбаатарын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнес инкубатор төв ээлжит сургалтаа зарлалаа. Гарааны бизнесээ дөнгөж эхлүүлж байгаа бизнесээ өргөжүүлэх сонирхолтой эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгдөг тус төв ирэх сараас жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулж төсөл бичих, хөрөнгө оруулагчдаа хэрхэн татах, зах зээлд бараа бүтээгдэхүүнээ гарах саад бэрхшээлийг хэрхэн туулах зэрэг сургалтыг хийхээр болжээ. Хэрвээ таны дэвшүүлсэн төсөл Улаанбаатар хотын ямар нэгэн асуудлыг шийдэхэд нөлөөлөхүйц бол  бизнес инкубатор  төв  өөр дээрээ хэрэгжүүлж хөл дээр нь тогттол нь дэмжлэг үзүүлэх ажээ. 

Солонгос улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-гийн дэмжлэгтэйгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн сан хамтран хэрэгжүүлж буй тус төсөлд одоогоор таван мянган эмэгтэй хамрагджээ.

Улаанбаатарын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвөөр үйлчлүүлж байгаа эмэгтэйчүүд хэрвээ бага насны хүүхэдтэй бол энэ төвийн тоглоомын өрөөнд үлдээгээд сургалтандаа суух орчныг бий болгосон байна. Мөн бизнес уулзалт хийх өрөө тасалгаагаар хангаж өгчээ. Эмэгтэйчүүд бизнес эрхлэхэд тулгамдаж буй асуудал, шаардлагатай дэмжлэг, сургалт, зөвлөгөөг тодруулах суурь судалгааг "Mongolian Marketing Consulting Group" хийсэн юм байна. Уг судалгааг үндэслэн бүсгүйчүүдэд зориулсан бизнес төлөвлөгөөг Азийн сангаас боловсруулжээ. Бүсгүй та бизнес эрхлэхээр шийдсэн бол Нийслэлийн засаг захиргааны IV байр буюу хуучнаар Улаанбаатар банкны шилэн барилгын нэгдүгээр давхарт байрлах Эмэгтэйчүүдийн бизнес төвийг зориорой.